Инфляц

Бодлогын хүү

МХБ I ангиллын ХК-уудын хөрвөх чадвар 5-р сард 12% буурчээ

ГОЛ ӨНЦӨГ:

Сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 22 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааны дүн 3.0 дахин өсөж, 2022 оны 5-р сарын байдлаар 20.3 сая төгрөгт хүрээд байна.

  • Ард санхүүгийн Нэгдэл ХК болон АПУ ХК хөрвөх чадвараар бусдаас илүү байгаа хэдий өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
  • 2022 оны 5-р сарын I ангиллын хувьцааны өдрийн дундаж арилжаа өмнөх сартай харьцуулахад 12%-иар буураад байна.

   Монголын Хөрөнгийн Биржийн I ангиллын 22 компанийн хөрвөх чадварыг илтгэдэг өдрийн дундаж арилжаа өмнөх сартай харьцуулахад 12%-иар буурч 20.3 сая төгрөгт хүрсэн байна. Тус бууралтад Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ ХК нарын хөрвөх чадварын бууралт ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

   Дийлэнх компаниудын хөрвөх чадварын бууралт нь компаниудын ногдол ашиг болон зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой билээ. Энэ оны 3 болон 4 саруудын арилжааны өдрийн дунджууд ойролцоо байсан бөгөөд компаниудын бүртгэлийн огноо эдгээр саруудад төвлөрсөн нь эдгээр саруудад хөрвөх чадвар өндөр байхад нөлөөлсөн ажээ. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар хувьцааны хөрвөх чадварыг дордуулсан байж болзошгүй юм. 

   Нийт арилжааны идэвхийг ажиглавал 2022 оны I ангиллын компаниудын арилжааны нийт дундаж нь 1.4 тэрбум төгрөг байгаа ба Ард Санхүүгийн Нэгдэл, АПУ, Монос Хүнс, Түмэн Шувуут болон Мандал Даатгал нь дунджаасаа дээгүүр үзүүлэлттэй байгаа нь I ангилал дундаа идэвхтэй арилжаалагдаж, хөрөнгө оруулагчдын дунд илүү үнэлэгдэж байгаагийн нэгэн илрэл юм. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   2022 оны 4-р сарын  ногдол ашгийн судалгаа дээр дурдсанчлан нэлээдгүй компаниуд ногдол ашиг тараасан ба 3 сарын сүүл хавиар болон 4-р сард тус компаниудын бүртгэлийн өдрүүд төвлөрсөн билээ. Энэ нь ногдол ашиг тараахаар зарласан компаниудын хөрвөх чадварт ихээхэн нөлөөлж  байсан юм. Иймд хувьцааны хөрвөх чадвар буурч сарын эхэн үед дийлэнх хувьцааны арилжааны идэвх буурсан байдалтай байна.

   Арилжааны идэвх нь буураагүй харин эсрэгээр сайжирсан компаниудыг ажиглавал үүнд Баянгол болон Инвескор ББСБ ХК нар байгаа юм. Баянгол Зочид Буудлын хувьд томоохон хувьцаа эзэмшигч хувьцааг олон нийтээс татан төвлөрүүлсэн тул энэ нь хувьцааны арилжааны идэвхэд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Харин ББСБ-уудын дунд Инвескор ББСБ-ын 2022 оны эхний улирлын санхүүгийн тайлан гарсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад компанийн үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байсан юм. Тус мэдээлэл хувьцааны арилжааны идэвхэд нөлөөлсөн байх магадлалтай бөгөөд 5-р сарын эхэн үеийн байдлаар өмнөх сартай харьцуулахад тус компанийн арилжааны идэвх сайжирч, хувьцааны хөрвөх чадвар нэмэгдсэн ажээ.     

Эх сурвалж: "Таванбогд Капитал" ҮЦК

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.