Инфляц

Бодлогын хүү

Жак Уэтерфорд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг нарт АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов олгохоор болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв.

Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан бөгөөд 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан.

 

Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм.

 

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004) ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.

  Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

  Монгол хатдын нууц товчоо (2010) “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.

   Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

   Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016) Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог байна.

  ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ

 

  ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.

 

  Тэр бээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан.

 

 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.

 

 “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.

“Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.

  Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэжээ.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” Төрийн ордонд гардуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.