Инфляц

Бодлогын хүү

Пакистан улсын дэлгүүрүүд эрчим хүчээ хэмнэхийн тулд эрт хаадаг болжээ

Эрчим хүчний хомсдолд орсон Пакистан улсын засгийн газар бүх дэлгүүр, зах, худалдааны төвүүдийг оройн 8:30 цагт хаадаг болох захирамж гаргасан байна.

Бусад хэмнэлтийн арга хэмжээнүүдийг багцлан хэрэгжүүлснээр 62 тэрбум рупи ($273 сая) хэмнэх тооцоо гаргаснаа тус улсын батлан хамгаалахын сайд Хаважа Асиф өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Пакистан улсын валютын нөөц дундарч, нэг сарын импортын хэрэгцээгээ хангах төдий хэмжээнд хүрээд байгаа. Импортын ихэнх хэсэг нь эрчим хүч юм.

Засгийн газар нь Олон Улсын Валютын Сангаас $1.1 тэрбумын тусламж авахаар болсон ч хэрэгжилт нь саатсан тул ийм хэмнэлтийн арга хэмжээ авахад хүрсэн байна.

Дээрхээс гадна ресторан, зугаа цэнгээний газруудыг оройн 10:00 цагт хааж байх журам гаргажээ.

Мөн ерөнхий сайд Шехбаз Шариф засгийн газрын харьяа бүх байгууллагуудад эрчим хүчний хэрэглээгээ 30 хувиар бууруулах даалгавар өгсөн байна.

Пакистан улсын гадаад валютын нийт нөөц өнгөрсөн сард $11.7 тэрбумд хүрсний $5.8 тэрбум нь төв банкны дансанд байжээ.

Энэ бол 2022 оны эхээр байсан нөөцийн тал орчимтой тэнцэх хэмжээ юм.

Тус улс хэмнэлтийн хүрээнд хоёрдугаар сараас эхлэн эрчим хүчний хэрэглээ өндөртэй гэрэлтүүлэг, чийдэнгүүдийн үйлдвэрлэлийг зогсоож, долдугаар сараас сэрүүцүүлэгч сэнсний үйлдвэрлэлийг хориглохоор болжээ.

Зуны улиралд Пакистаны эрчим хүчний хэрэглээ 29,000 Мега Ватт болж өвлийн улирлын 12,000 Мега Ваттаас огцом нэмэгддэг нь сэнсний хэрэглээтэй холбоотой юм байна.

Бас гудамж, талбайн нийт гэрэлтүүлгүүдийнхээ талыг унтраахаар болжээ.

Пакистан улс өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас эдийн засгийн хямралд ороод байсан бол өнгөрсөн онд болсон томоохон үерийн гамшиг нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм.

NGO Germanwatch байгууллагаас гаргасан Global Climate Risk Index үзүүлэлтээр Пакистан улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын жагсаалтын наймдугаарт бичигдэж байв.

 

Эх сурвалж: Aljazeera

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.