Инфляц

Бодлогын хүү

Хүчирхэг эмэгтэйчүүд ба эмгэнэлт улстөр

“Гэр бүлээ хэрхэн авч явахаа мэддэг эмэгтэй хүн бүр улс эх орноо яаж удирдах шийдэлтэй маш ойр байдаг” хэмээн Английн алдарт улстөрч, Ерөнхий сайд, дэлхий дахинаа “Төмөр хатагтай” гэж өргөмжлөгдсөн Маргерит Тетчер нэгэн цагт хэлж байжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ч гэсэн улс төрийн оролцоонд нөлөө үзүүлэх чадалтай, эрчүүд шиг улс эх орноо төвхнүүлэхэд гар бие оролцож чадна гэдгийг хэлж байгаа юм. Түүний хувьд ч энэхүү хэлсэн үг шигээ амьдарч чадсан.

Даяаршлын давалгаанд гэр бүл доторх эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн байр суурь, оролцоо маш ихээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг гэр бүлийн уламжлалт хэв маяг буюу гэртээ суугаад хүүхдээ харах, гэрийнхээ ажлыг хийх гэх зүйлээс хөндийрүүлж эрчүүдээс илүү боловсрол эзэмших, ажлын талбар ахин түвшний ур чадварт суралцах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр бизнес болон улстөрийн талбарт  эмэгтэй лидерүүд олноор төрөн гарах болсон.

Дэлхий дахинаа өрнөсөн энэ давалгаа ч Монголыг дайран өнгөрсөн. Бизнесийн салбарт Ц.Гарамжав, Н.Цэлмүүн, Б.Ундармаа, Л.Эрдэнэчимэг, улстөрд Ц.Оюунгэрэл, С.Оюун тэргүүтэй нийгэмд нөлөө бүхий эмэгтэйчүүд тодорсон. Гэхдээ тэдний хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ амаргүй олон зүйлийг даван туулсан. Учир нь нийгмийн үнэлэмж нь эмэгтэй хүнийг үргэлж эрчүүдээс дутуу үнэлдэгт шалтгаан бий.

Манай улсын хувьд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог Үндсэн хуулиар дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын суурь зарчмууд, ялангуяа хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Гэвч 1990 оноос хойшхи гурван удаагийн парламентын сонгуульд нэг ч эмэгтэй нэр дэвшигч оролцоогүй. Харин 2004 оноос эхлэн нам доторх эмэгтэйчүүдийн оролцоо дээшилж, цаашлаад улстөрийн тавцанд эмэгтэй дүрүүд тодрох болсон.

Сонгуулийн жил

Нийт нэр дэвшигчийн тоо

Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо

 

 

1992

293

 

 

3

3.9%

1996

302

 

 

8

10.5%

2000

602

 

 

9

11.8%

2004

244

40

16.3%

5

6.6%

2008

356

66

18.5%

3

3.9%

2012

544

174

32%

11

14.5%

2016

498

129

26%

13

17.1%

2020

606

151

25%

13

17.6%

Сонгуулийн жилүүдэд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо үргэлж нэмэгдсэн. Үүний шууд  нөлөө нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн амжилт гаргаж буйтай шууд холбоотой. 1990-2000-аад оны дунд үед гэхэд Монголд эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо маш ихээр өсч эрчүүдтэй ижил түвшинд ажиллаж, амжилт олсон. Үүний нэг жишээ Монполимет группийн үүсгэн байгууламж Ц.Гарамжав гэх эмэгтэй.

Сонгинохайрхан дүүргээс 2016 онд сонгогдон УИХ-ын гишүүн болж байлаа. Гишүүн болсон цагаасаа эхлэн царай зүс, гадаад төрхөөрөө хүмүүсийн хэл амны бай болсоор ирсэн. Гэтэл тэрээр улстөрд орсон шалтгаанаа “Төрийн дарамт шахалтаас болоод хохирч яваа аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хараад  хууль эх зүйн орчинд орж санал хэлье, дуу хоолойгоо хүргэе гэж УИХ-ын гишүүн болъё гэж бодсон” гэдгээ хэлсэн. Гэтэл улстөр гэдэг өөрийнх нь бодож байснаас илүү хачин, гадаадын тагнуул гэмээр эх орныхоо эсрэг ажилладаг хүмүүс байсан хэмээн сүүлд нь халагласан байдаг. Тэр хүмүүсийнхээ ч хар пи арын бай болсоор улстөрөөс зайгаа барьсан биз. 

Тэгвэл дээрхтэй адил гэмээр замналыг туулсан хүн гэвэл худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 давсан ажилтантай Бишрэлт группийг удирдан 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулахад ур ухаан, чадвараар удирдсан Б.Ундармаа. Бас л улс төрийн хатуу тоглоомонд буруутан нэрээр цоллуулаад үлдсэн. Түүнийг өөрийн Капитал банкаараа дамжуулан тус банканд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгийг завшсан гэдгээр олон нийтэд ойлгуулан цоллосон. Арилжааны банк гэдэг бол дамжуулагч санхүүгийн байгууллага буюу гол үйл ажиллагаа нь зээл юм. Харин банканд байршиж буй мөнгийг хэн нэгэн дураараа хөдөлгөж гаргаж болдог газар биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Банкнаас мөнгө гарч байгаа бол энэ нь зээлийн үйл ажиллагаа байдаг. Тэгхээр банкны дампуурлын шалтгааны нэг том хүчин зүйл нь зээлдэгчид байх хэдий ч одоогоор ил болоод буй мэдээллээс хархад тус банкийг улс төрийн зорилготой дампууруулсан байж болзошгүй мэт. Сайн мэдээ нь гэвэл нийгмийн даатгалын сангийн энэ төлбөрийн дийлэнх нь эргэн төлөгдсөн байна.  

Хөшигний ард ямар тоглоом өрнөж, ил гарсан дүр нь Б.Ундармаа болж, түүний эсрэг хар ПИ АР-ыг хүчтэй явуулсан нууц ноёнтнууд нь хэн болох, нөгөөтэйгээр улс төрийн намын ямар том зүйлийг нүүрээрээ тахалж буруутгаж, хэлмэгдүүлсэн гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Зөвхөн энэ буруутгалаар түүний худалдаа үйлчилгээ, зочид буудал, бизнесийн салбарт үлдээсэн үнэт зүйлийг үнэгүйдүүлэх боломжгүй. Тэр хэдийгээр олон зүйлд буруутгагдаж байгаа хэдий ч Монголын урдаа барьдаг топ бизнес эмэгтэй гэдэг нь хөдлөшгүй үнэн.

Харин улстөрч хүний замналаар карерийг эхлүүлсэн ч эцэс сүүлдээ намынхандаа ад үзэгдэж, үзэл бодлын зөрчилдөөнд хүрсэн эмэгтэй бол Ц.Оюунгэрэл. Улстөр дэх карер нь гадаад нөхөртэй гэдэг шүүмжлэлийг даван гарахаас эхэлсэн энэ эмэгтэй бол улстөрд маш содон дүр. Ямар сайндаа л БСШУСЯ-ны сайд байхдаа бөхийн өргөөнд орж бөх үзсэнээрээ тухайн үедээ “эмэгтэй сайд бөх үзлээ” гэж нэлээд шүүмжлүүлж, олныг шуугиулсан. Хүний эрхийн асуудалд маш торгон мэдрэмжтэй хандаж чаддаг түүнд олон нийт маш ам сайтай. Ерөнхийлөгчид нэр дэвших болон намын даргын дотоод сонгуульдаа хүч үзсэн ч эрчүүдийн хор найруулгын золиос болоод дууссан. Гэхдээ л бууж өгөхгүйгээр өөрийнхөө намыг байгуулахаар ажиллаж байна.

Эмэгтэй хүн бүр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, тэр дундаа удирдах албан тушаалд эрчүүдтэй мөр зэрэгцэнэ гэдэг ус уухтай адил зүйл хэзээ ч байгаагүй.

Хэрвээ ханцуй шамлаад эрчүүд давамгайлсан тоглоом руу орсон бол тэр цагаас л нэр хүнд, гэр бүл, ёс зүй, хувь хүний гэх бүх зүйлээ хаядаг. Нийгэм чамайг хэн ч болгоход бэлэн байх хэрэгтэй. Хүн бүр Үндсэн хуулийн өмнө нас, хүйс, итгэл үнэмшил, яс үндсээс үл шалтгаалан эрх тэгш байх ёстой. Гэвч Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх нь эмэгтэйчүүдийг улстөрд дэмжиж буй мэт боловч энэ мэт жишээн дээрээс харахад л эрчүүд дийлсэн улстөрийн тоглоомонд эмэгтэйчүүд хохирогч, золиос болсоор байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.