Инфляц

Бодлогын хүү

Ч.Номин сайд аа, "Мартах учиргүй хүн" мартагдаад байна шүү

“Цахилж яваа гөрөөс” кинонд эхнэрээ хаяад өөр бүсгүйд сэтгэл алдардаг секси залуугийн дүрээрээ олонд бүр ч танигдаж, Монголын кино урлагт тэсрэлт авчирсан түүнийг тэр л чигээр нь арай үнэлээд байлдаг юм биш биз гэх бодол олон олон үзэгчдийн сэтгэлд хургадаг байж мэднэ. Тэгвэл тэр бол дүр шүү дээ. Эр хүн хүсэл тачаалдаа дийлдэж болохгүй гэдгийг л харуулсан хэрэг. Түүнээс биш тэр амьдрал дээр хамгийн журамтай нэгэн гэдгийг хамтран зүтгэгч жүжигчид нь гэрчилдэг юм билээ.

“Зүрхэнд шивнэсэн үг”, “Орхидос”, “Амьдралын урсгал”, “Цагаан дуганы гэгээ”, “Богд хаан”, Хунгийн сүүлчийн дуу”, “Хийморь”, “Бүтэн амьдрал”, “Босго тотго”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн 60 гаруй кинонд дүр бүтээсэн энэ өвгөнийг “Сахал Пүүжээ” гэж үзэгч олон нь хүндэлдэг, авгайлдаг.

Дэлгэцийн урлагаас гадна Ульям Шекспирийн “Ромео Жулетта”, “Макбет”, А.П.Чеховын “Цахлай”, Р.Таагүрийн “Цусан тахилга”, “Цуст хурим” “Парисын дарь эхийн сүм”, “Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”,  “Гамлет” гэх зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг тэр тайзнаа амилуулсан ховорхон гавьяатан шүү дээ.

Тэгвэл “Төр түүнийг яагаад мартаад байдаг юм бол оо” гэх  ийм харуусал шагналын хур буух мөч бүрд ард түмэнд төрдөг нь ч өдгөө нууц биш болж.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Ерөнхийлөгч шагналын хур буулгалаа. Олон ч сайхан хүмүүс шагнал хүртэж гавьяатын тэмдгээр энгэрээ мялаалгав.

Үүнтэй зэрэгцээд “Сахал Пүүжээ” бас л алга гэх харууслын үгс хөвөрч эхлэв. Яагаад энэ өвгөнийг мартаад байнаа. Шавь нар нь, бас бараг түүнийг их урлагт ирчихсэн байхад дөнгөж төрж байсан улаан нялзрайнууд өнөөдөр гавьяат болчхоод байна шүү дээ. Яасан харалган төр, харгис дарга нар вэ” гэх яриа дахин өрнөж эхэллээ.

Эмэгтэйчүүдийн баяр учраас л бүсгүйчүүдийг гол төлөв шагнасан байх л даа.

Гэхдээ удахгүй эрчүүдийн баяр ч бас болно. Тэр үед  ээ дээ, ЭНЭ ХҮНИЙГ Л МАРТАЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ. Тэр цэргийн хүн биш ч  их урлагтаа үнэнчээр зүтгэсэн эр хүн.

Өөрсдөө шагналдаа "бялуурсан" Улсын Драмын Эрдмийн театрын удирдлагууд Ж.Пүрэвсүрэн гэж энэ жүжигчнийг тодорхойлохгүй байж ч мэднэ. Тэгвэл Соёлын яам нь энэ асуудлыг анхааралдаа авчих л хэрэгтэй.

Эрчүүдийн баяр айсуй тул тэр баяраар энэ хүний гавьяаг нэг үнэлээд өгөөрэй. Энэ бол Ж.Пүрэвдорж гэж жүжигчнийг шүтэн биширч, хайрлан хүндэлдэг Монголын мянга мянган үзэгчдийн хүсэл  гэдгийг  уламжилъя, сайд аа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
2 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.