Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК-д Монголын хамгийн анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах тусгай зөвшөөрлийг олголоо. Тус сан нь дотоодын төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх, хөрвөх чадвар сайтай нэгж эрхийг хөрөнгө оруулагчдадаа тун удахгүй санал болгох аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсад одоогоор хоёр хаалттай хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёул банкны IPO-д оролцох зорилгоор үүсгэн байгуулагдсан. Тодруулбал, “Үндэсний хувьчлалын сан” болон “Мандал ирээдүйн өсөлт” хөрөнгө оруулалтын сангууд бөгөөд нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн хувьд “Хөрөнгө оруулагч үндэстэн” Монголын зах зээл дээр анхных нь болж байна.

Хаалттай хөрөнгө оруулалтын сан нь:

Нэгж эрхээ олон нийтэд санал болгож, хоёр дахь арилжаагаа хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг. Сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэн өсөхийг хэрээр хөрөнгийн бирж дээрх сангийн нэгж эрхийн үнэ өөрчлөгдөж байдаг бөгөөд хөрөнгө оруулагчид нь зах зээл дээрх нээлттэй арилжаанд хувьцааг нь авч, зарахаас гадна ногдол ашгийн өгөөж хүртэх боломжтой байдаг.

Нээлттэй хөрөнгө оруулалтын сан нь: 

Нэгж эрхээ хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагддаггүй. Нээлттэй хөрөнгө оруулалтын сан бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө өөрөө удирдаж, захиран зарцуулах байдлаар хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг өсгөж байдаг онцлогтой. Хэрвээ хөрөнгө оруулагч нэгж эрхээ зарахыг хүсвэл хөрөнгийн зах зээл дээр бус зөвхөн нээлттэй хөрөнгө оруулалтын сандаа эргүүлэн худалдах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.