Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт Улаанбаатар хотод болно

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн “Эрүүл хүнс-эрүүл амьдралын үндэс” уриатай улс орон даяар 21 аймагт нээлтээ хийгээд байна.

Тус хөдөлгөөний Улаанбаатар хотын нээлтийг 2022 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

  Уг үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зэрэг зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцоно.

  Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлох юм. Мөн улс орны хэмжээнд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт, байр суурийг иргэд, олон нийт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж, хамтран ажиллахад арга хэмжээний гол зорилго оршиж байгаа юм.

  Нийслэл Улаанбаатар хотод хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, гурил, төмсийг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авч, хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний ногооны 70-90 хүртэлх хувийг дотоодоос хангадаг. 

   Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй хүнсний хувьсгалын хүрээнд Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.