Инфляц

Бодлогын хүү

НҮБ-аас Орос-Украины дайнтай холбоотой баримт бичиг баталлаа

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Даваа гарагт хуралдаж ОХУ-Украин дайнтай холбоотой асуудлыг хэлэлцэн, гишүүдийн санал хурааж ОХУ-ыг Украинд түрэмгийлэн орж, олон улсын хууль зөрчсөнийхөө төлөө нөхөн төлбөр төлж, хариуцлага хүлээхийг шаардсан тогтоолыг баталжээ.

 Тус байгууллага 193 гишүүнтэй бөгөөд 73 гишүүн түдгэлзэж, 94-14-ын харьцаатайгаар тогтоолыг баталсан байна. Энэ нь хоёрдугаар сарын 24-нд Оросын дайралт эхэлснээс хойш Ерөнхий ассамблейн Украинтай холбоотой таван тогтоолыг дэмжсэнээс хамгийн бага тоотой дэмжсэн санал авч батлагдсан тогтоол болж байна гэж олон улсын хэвлэлүүд бичжээ. Уг тогтоолд ОХУ-ын Украины эсрэг хийсэн “буруу үйлдлээс” үүссэн “хохирол, эвдрэл зэргийг нөхөн төлүүлэх олон улсын механизм” байгуулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч тусгасан байна. Мөн Ассамблейн гишүүн орнууд Украинтай хамтран Украинчууд болон засгийн газарт ОХУ-аас учруулсан хор хохирлын талаарх нэхэмжлэл, мэдээллийг баримтжуулах "олон улсын бүртгэл" бий болгохыг зөвлөсөн байна.

  НҮБ-ын 15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөлд ОХУ хориг тавьснаар НҮБ-ын эрх мэдэл бүхий байгууллага ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна. Харин өмнө нь ОХУ-ын түрэмгийллийг шүүмжилсэн дөрвөн тогтоол баталсан Ерөнхий ассамблейд хориг тавиагүй. Гэхдээ Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаас ялгаатай нь хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дэлхий нийтийн санаа бодлыг тусгаж, Оросын цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгааг илэрхийлж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.