Б.Одонтунгалаг: Санхүүгийн мэдлэг боловсролтой байх нь залилагчдад боломж олгохгүй

Цагдаагийн байгууллагаас санаачлан холбогдох төрийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран “Unsend - Бүү шилжүүл” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх, нийгмийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилготой энэхүү нөлөөллийн аяны талаарх мэдээллийг авахаар тус аяныг хамтран хэрэгжүүлэгч Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.  

Сүүлийн жилүүдэд цахим залилангийн гэмт хэрэг тогтмол өсөж, бүр нийгмийн анхааралд өртөх хэмжээнд хүрсэн учраас “Unsend - Бүү шилжүүл” аяныг эхлүүлж байгаагаа цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл энэ аянд Монголбанк нэгдэх болсон гол шалтгаан нь юу вэ?

Монголбанк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах,  энэ чиглэлийн гэмт хэрэг, зөрчлийг багасгах, иргэд олон нийтийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг 2020 оноос эхлэн ЦЕГ, Монголын Банкнуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол хэрэгжүүлж байна. Төв банкны тухай хуульд хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай тодорхой заалт ч байдаг. Энэ хүрээнд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр ирсэн. Нэг үгээр хэлбэл, иргэдийн эдийн засгийн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажил нь Монголбанкны анхаарч байгаа гол зорилтуудын нэг юм. Тиймээс бид энэ хүрээндээ “Unsend - Бүү шилжүүл” аяныг дэмжин оролцож байна.

Цахимаар залилах гэмт хэргийн гаралт өсөж, иргэд санхүүгийн нууцлал, найдвартай байдлаа хамгаалж чадахгүй байгаа нь юутай холбоотой байна вэ? Энэ талын мэдлэг, мэдээлэл дутуу дулимаг байгаатай нь холбоотой гэж ойлгож болох уу?

Тийм ээ, тэгж ойлгож болно. Санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт багтдаг үндсэн сэдвүүдийн нэг юм. Энэ сэдвийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх үүрэг, санхүүгийн залилан луйврыг яаж таньж мэдэх, фишинг буюу цахим халдлагын луйварт өртөхгүй байхын тулд юуг мэдвэл зохих, хэрэв хохирогч болсон тохиолдолд хаана хэрхэн хандах гээд цогц байдлаар мэдлэг, мэдээллийг өгдөг. Өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд иргэд олон нийтийг энэ төрлийн мэдлэг мэдээллээр хангах, улмаар цар хүрээ, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байна. Тодруулбал, Монгол Улсад “залилах” гэмт хэрэг буюу санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд санхүүгээрээ зогсохгүй, сэтгэл зүйн хувьд ч тэр, бүр цаашлаад өөр олон талын хохирлыг амсдаг. ЦЕГ-ын тайлан мэдээнд залилах гэмт хэрэг 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт гэмт хэргийн 32.8 хувийг эзэлж байгаа нь яахын аргагүй анхаарал хандуулах түвшинд хүрснийг харуулж байна. Тийм ч учраас төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудад Төв банк байнга идэвхтэй оролцож, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангаж ирсэн. Ингэж ажиллах нь манай байгууллагын зүй ёсны үүрэг хариуцлага гэдгийг ч бид ухамсарладаг. Ер нь залилах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын хариуцах ёстой ажил биш. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн нөлөөллийн ажлуудад төр, хувийн хэвшлийн бүхий л шатны байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцож дэмжих ёстой, хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Тэгж байж бид бүхэн хамтдаа эерэг үр дүнд хүрнэ.

Цахим орчин хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, амьдралынх нь төдийгүй ажил албаных нь салшгүй нэг хэсэг болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрөх байх. Мэдээж хэрэг энэ бүхнийг дагаад сайн, муу аль аль нь л дагалдаж байх шиг...

Тиймээ. Таны хэлсэнтэй санал нэг байна. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй байдал, хянамгай байдлыг та биднээс илүүтэй шаардаж байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны 2-р улирлын байдлаар нийт 4,4 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглагдаж байгаа нь 2.2 сая юм. Энэ нь бэлэн бус төлбөр тооцоо талаасаа сайн үзүүлэлт. Гэтэл нөгөө талдаа цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоон мэдээллүүдээс харахад цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг огт буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргүүд нь ихэнхдээ урьдчилсан төлбөр шилжүүлэх, картаа бусдад ашиглуулах, хувийн мэдээлэл болон цахим хаягийнхаа нууц кодоо алдсаны улмаас үйлдэгддэг. Хамгийн гол нь зөвхөн өөрөө хохирогч болоод зогсохгүй Фейсбүүк найзууд, ойр тойрныхоо хүмүүсийг ч давхар хохирогч болгох эрсдэлийг дагуулж байна. Энэ бүхэн түрүүн хэлсэнчлэн иргэдийн хууль эрх зүйн болоод санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Дээр нь ямар нэг санхүүгийн харилцаанд орохдоо, илүү тодорхой хэлбэл төлбөр тооцоо, гүйлгээ хийхдээ огт шалгадаггүй, нягталдаггүй зэрэг хариуцлагагүй, хайнга байдал нь залилагчдад боломж олгож, улмаар гэмт хэргийг өөгшүүлэхэд хүргэж байна. Тиймээс бид энэ чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байна.  

Тодруулга ярилцлагынхаа төгсгөлд UNSEND аяны хүрээнд манай уншигчдад хандаж зөвлөгөө мэдээлэл өгөхийг хүсэж байна.

Ямар ч хэлбэрийн залилан луйвар нь ардаа заавал санхүү, эдийн засгийн бодитой хохирол учруулж байдаг, мөн итгэл үнэмшил төрүүлэхүйц хуурамч мэдээ мэдээллээр бусдыг байнга төөрөгдүүлэхийг хичээж байдаг учраас иргэд маань амар хялбар аргаар санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү мэдээллийг нягтлах, заавал эх сурвалжаас нь тодруулдаг байх зөв дадлыг юуны түрүүнд өөртөө хэвшүүлээрэй, мөн энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулж, өөрөө өөрсдийгөө санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлж, хамгаалж чаддаг болоорой гэж юуны түрүүнд зөвлөмөөр байна. Хэдийгээр төрийн болон холбогдох бусад байгууллагууд хамтран энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ч иргэдийн үүрэг, оролцоо сайжрахгүйгээр, харилцаа хандлага өөрчлөгдөхгүйгээр энэ ажил ямар ч үр дүнд хүрэхгүй юм. Тиймээс иргэд та бүхнийг санхүүгийн аливаа харилцаанд орохоосоо өмнө нягталж, шалгадаг зөв дадал, хэвшилд суралцаж, мэдлэг мэдээллээ тогтмол сайжруулж байхыг хичээнгүйлэн хүсэж байгаа юм. Бид бүхэн бас энэхүү UNSEND аяныхаа хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан олон нийтийг зөв мэдээ, мэдээллээр хангахыг хичээх болно. Эцэст нь дахин хэлэхэд, хангалттай таньж мэдээгүй хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэхээс сэрэмжилж, баталгаагүй бол мөнгөө бүү шилжүүлээрэй.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.