Инфляц

Бодлогын хүү

Талибаны дэглэм засгийн эрхийг авснаасаа хойш анх удаа Шариатын хуулийг хэрэгжүүлжээ

Афганистаны зүүн хойд бүсийн нэг хотод 19 иргэнийг Шариатын хуулийн дагуу шийтгэсэн тухай Талибаны засгийн газрын дээд шүүхийн төлөөлөгч Ням гарагт мэдээлжээ.

Талибанчууд өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авснаасаа хойш хүний эрхийг зөрчихгүй, Исламын шашны хатуу хуулийг хэрэгжүүлэхгүй гэж амлаж байсан юм.

Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд тэдний амлалт худал болохыг харуулсаар байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол олох эрхийг хааж эхэлсэн бол одоо Шариатын хуулийг сэргээн хэрэглэж эхэлсэн нь тодорхой боллоо.

Талибанчууд өмнө нь 1990-ээд оны үед Афганистанд дэглэмээ тогтоож байхдаа Шариатын хуулийг зөрчсөн хүмүүсийг олны нүдэн дээр цаазлах, чулуудах, ташуурдах, гарыг нь тайрах зэрэг харгис шийтгэл оноодог байв.

Хоёр дахь удаагаа засгийн эрхийг авахдаа тэд өмнөх шигээ харгис бурангуй байхгүйгээ амлаж байжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Талибаны засгийн газрын төлөөлөгч Шариатын хуулийг сэргээн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг анх удаа мэдэгдсэн юм.

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тус улсын зүүн хойд Тахар мужийн Талокан хотод 10 эрэгтэй, 9 эмэгтэйг завхайрсан, хулгай хийсэн, гэрээсээ зөвшөөрөлгүй явсан хэрэгт буруутгаж, тус бүр 39 удаа ташуурдаж шийтгэснийг өчигдөр мэдээлжээ.

Шийтгэлийг Баасан гарагийн мөргөлийн дараа тус хотын гол сүмд ахмадууд, шашны номлогчид, иргэдийн нүдний өмнө гүйцэтгэснийг Талибаны дээд шүүхийн төлөөлөгч Абдул Рахим Рашид мэдээлсэн байна. Шийтгүүлэгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, ташуурдуулсны дараа тэдний биеийн байдал ямар байсан тухай мэдээлэл өгөхөөс тэр татгалзжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.