Инфляц

Бодлогын хүү

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ” XIV ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Эмэгтэйчүүд цалин хөлсгүй ажлын дийлэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их цаг зарцуулж байна. Энэ ялгаа нь хүүхэд наснаас нь эхэлдэг ба 12-15 насны охид өдөрт аяга угаах, гэр цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцсаа угаах зэрэгт өдөрт 2 цаг 20 минутыг зарцуулдаг бол хөвгүүд 1 цаг 30 минут зарцуулж байна.

Бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхээс их байна. Тухайлбал, 25-39 насны бүлэгт хамгийн их буюу 19.9-30.4 нэгж хувийн зөрүүтэй байгаа нь эмэгтэйчүүд 25-39 насанд хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой байна.

Шангри-Ла зочид буудлын Их танхимд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр  "Эмэгтэйчүүдийн нүдээр: асрахуйн эдийн засаг" XIV чуулган болж байна.

"МОНФЕМНЕТ" Үндэсний Сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” XIV чуулган “Асрахуйн эдийн засаг” сэдвээр 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Чуулганд оролцогсод асрахуйн эдийн засгийн хүрээнд Залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан”, “Цалинтай ээж” хөтөлбөр, “Ажлын байрны тохируулга:  Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж”, “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд: Зээлд хамрагдах боломжийн хязгаарлалт” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хүн амын өсөлт ба насжилт, гэр бүлийн бүтцийн өөрчлөлт,  амьдралынхаа туршид асаргаа, тусламж авах шаардлагатай хүний тооны өсөлт, төрөлтийн түвшин тэтгэвэр тогтоолтоос доогуур болж байгаа зэргээс шалтгаалан асрал, халамжаас хараат байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Хөлсгүй ажил нь асрахуйн хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг ч тэдний хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа учраас бодлого, төлөвлөлтөд үл үзэгдэх, үл ойшоогдох, үл тооцогдох байдалтай байна.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран, халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах цогц стратегийг хэрэгжүүлэх нь чухал. Гэхдээ хөлсгүй ажлыг хүлээн зөвшөөрөх, бууруулах, эмэгтэйчүүд-эрэгтэйчүүдийн хооронд, цаашилбал гэр бүл-төрийн хооронд зохистой хуваарилахгүйгээр жендэрийн тэгш байдлыг хөдөлмөрийн харилцаанд тогтоох боломжгүй.

Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх тогтвортой, хүртээмжтэй өсөлттэй шууд холбоотой бодлогын асуудал билээ. Иймээс чуулганы зохион байгуулагчид нь эмэгтэйчүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулан, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, үндэсний түвшинд  нэн тэргүүнд анхаарах гол асуудал, арга замуудыг тодорхойлж, төр, засгийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна.

“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2006 оноос хойш зохион байгуулж ирсэн. Чуулганд жил бүр эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллага, активистууд, иргэний нийгмийнхэн, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэд, залуус зэрэг нийгмийн олон талын төлөөлөл болсон 200-450 гаруй оролцогчид оролцож, хамтын байр сууриа илэрхийлдэг уламжлалтай.Энэ удаагийн чуулган нь Азийн сан, Канадын Гадаад хэргийн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.