Инфляц

Бодлогын хүү

Төв банкны хараат бус байдалд халдах нь эдийн засагт маш муу

Цар тахал болон Орос-Украйны асуудлууд дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй. Харин үүнийг ашиглан зарим улстөрчийн зүгээс Төв банкны хараат бус байдалд халдах оролдлого хийж байгаа нь эдийн засгийнхаа эсрэг үйлдэл байна.

Хараат бус төв банк эдийн засагт МАШ сайн үр дүн авчирдаг

Аливаа улс орны төв банк хараат бус байх нь эдийн засаг сайн байх нэг чухал нөхцөл болдог байна. Тухайлбал, Alesina & Summers (1993) нарын судалгаагаар төв банкны хараат бус байдал болон инфляц хоорондоо урвуу хамааралтайг тогтоосон байдаг [1]. Тодруулбал, төв банкны хараат бус байдлын хэмжүүр өндөр улс орнуудад 1955-1988 оны дундаж инфляц бага байжээ. Инфляц бага байх нь ард иргэдийн амьжиргаа сайн, эдийн засаг тогтвортой байх үндэс болдог тул төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх нь чухал юм.  

Зураг 1: Төв банкны хараат бус байдлын индекс ба 1955-1988 онд дундаж инфляцын урвуу хамаарал

Төв банкны хараат бус байдал гэж юу вэ?

Эрдэмтэн судлаачид төв банкны хараат бус байдлыг дараах 3 зүйлээр тодорхойлдог байна:   

  1. Зорилгын хараат бус байдал: Төв банкны зорилтыг хуулиар тогтоож өгөх нь олон улсад түгээмэл. Ихэнх улс орнуудын хувьд төв банкны зорилт нь үнийн тогтвортой байдал буюу инфляц байна. Инфляцыг тогтворжуулах үүргийг төв банк хэмээх мэргэжлийн байгууллагад даалгаснаар илүү үр дүнд хүрдэг байна.
  2. Хэрэгслийн хараат бус байдал: Төв банк зорилгоо биелүүлэх хэрэгсэл буюу бодлогын шийдвэрээ бие даан гаргах нь зүйтэй байдаг. Харин мэргэжлийн байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх нь сайн үр дүнд хүргэхгүй юм. 
  3. Үйл ажиллагааны хараат бус байдал: Төв банканд ажлаа тогтвортой хийх бололцоог олгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс удирдлагыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө огцруулахгүй байх, төв банкны санхүүгийн бие даасан байдлыг мөн хангаж өгөх нь чухал байдаг. Ингэснээр төв банк мэргэжлийн шийдвэрийг хараат бусаар гаргах нөхцөл бүрдэнэ гэж үздэг байна.  

Монголбанкны хараат бус байдал руу дайрсан үйлдэл

Монголд зарим улстөрчид “бодлогын хүүг өсгөх хэрэгтэй”, эсвэл “Монголбанкны Ерөнхийлөгч огцор” гэх мэт мэдэгдэл хийн Төв банкны бодлогод нөлөөлөлөхийг оролдох, эсвэл төв банкны удирдлагыг үндэслэлгүй шалтгаанаар огцрохыг шаардах үзэгдэл цөөнгүй тохиолддог. Энэ нь Төв банкны үйл ажиллагааны хараат бус байдалд халдсан үйлдэл гэж дүгнэж болно. Төв банкны хараат бус байдалд халдана гэдэг нь инфляцыг нам дор байлгаж, эдийн засгийг тогтвортой байлгахын эсрэг үйлдэл гэж дүгнэж болох юм.

[1] Alesina, Alberto; and Summers, Lawrence H. "Central Bank Independence and Macroeconomic Performance: Some Comparative Evidence. Journal of Money, Credit, and Banking, Vol. 25, No. 2, May 1993, pp. 151-62.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.