Инфляц

Бодлогын хүү

Европын төв банк: Инфляцын төсөөллийн алдааг хэрхэн тайлбарлаж байна вэ?

Цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засагт тодорхой бус байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нэмэгдсэн тул дэлхийн томоохон судалгааны байгууллагууд, төв банкуудын прогноз зөрөх, төсөөллийн алдаа нэмэгдэх хандлагатай байв. Тухайлбал, Европын төв банк 3-р сарын Эдийн засгийн бюллетендээ инфляцын төсөөллийн зөрүү болоод түүний шалтгаанаа тайлбарлажээ. Тайланд дурдсанаар Евро бүсийн инфляцын таамаг зөрөхөд нефть, байгалийн хийн үнийн огцом өөрчлөлт голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн, Европын комисс, Холбооны нөөцийн сан болон Английн төв банкны төсөөллийн алдаа 2021 онд мөн нэмэгдсэн нь тодорхой бус байдал төсөөлөлд нийтлэг сорилт учруулж байгааг харуулж байна. 

Судалгааны байгууллагуудын төсөөллийн алдаа 2021 онд нийтлэг нэмэгджээ

Инфляцын төсөөллийн алдаа 2020 онд харьцангуй бага байсан бол 2021 оноос нэмэгдэх хандлагатай болжээ. Европын төв банкны инфляцын таамгийг Евро бүсийн бусад гол судалгааны байгууллагуудын таамагтай харьцуулж үзвэл 2021 оны эхний улирлаас эхлэн алдаа нэмэгдсэн нийтлэг дүр зургийг харж болно. Мөн түүнчлэн, Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо (Америкийн төв банк) болон Английн төв банкны инфляцын төсөөлөлтэй харьцуулж үзвэл 2021 оны туршид инфляц хүлээлтээс хурдтайгаар нэмэгдсэн байна.

 Төсөөллийн зөрүүг эрчим хүчний үнийн огцом өсөлт голлон тайлбарлаж байна

Европын төв банкны инфляцын төсөөллийн алдааны 75%-ийг түлш, эрчим хүчний үнийн огцом өсөлт тайлбарлаж байна. Энэ нь 1 улирлын дараах төсөөллийн зөрүүд үзүүлсэн нөлөөлөл бөгөөд 4 улирлын дараах буюу илүү урт хугацааны төсөөлөлд эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөө улам нэмэгдэж байна. Ялангуяа нефтийн зах зээл дээрх өндөр тодорхой бус байдал, зах зээлийн талаар авч үзсэн суурь таамаглалууд зөрснөөр төсөөллийн алдаа бий болжээ. Түүнчлэн байгалийн хийн үнийн өсөлт болон хэрэглээний үнэд дамжих нөлөөг дутуу үнэлсэн нь төсөөллийн зөрүүгийн нэг шалтгаан байв.

Түүнчлэн, инфляцын төсөөллийн зөрүүд нийлүүлэлтийн саатал, эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээлд сэргэлт хүлээлтээс удаан үргэлжилж буй зэрэг нь нөлөөлснийг онцолжээ. Европын төв банк инфляцын төсөөллийг хийхдээ эрчим хүчний үнэ, үнийн дамжих нөлөө, ханш, хүүний талаар тавьсан суурь таамаглалууд, мөн тооцоолол хийдэг үндсэн загвар болон туслах загваруудын онцлог зэргээс шалтгаалан төсөөллийн алдаа үүсэж болохыг хүлээн зөвшөөрөөд, алдааг багасгах тал дээр ажиллаж буй аж. Гэхдээ цар тахал бүрэн дуусаагүй, Орос Украины асуудал нэмэгдсэн нь төсөөлөл хийхэд сорилт учруулж байгаа бөгөөд ирээдүйд ч төсөөллийн алдаа бий болохыг үгүйсгээгүй байна. 

Эх сурвалж: ЕТБ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.