Инфляц

Бодлогын хүү

АНУ-ын лицензээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 байгууламжийг барихаар боллоо

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжууд нь дэлхийн нефть-химийн салбарын томоохон концернуудын лицензээр байгуулагддаг. Төслийн хамгийн их цаг хугацаа шаардсан, өндөр технологийн, нарийн төвөгшилтэй эдгээр технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил дуусчээ.  Тухайлбал, АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын компаниудтай гэрээ байгуулж эхэлснээр төсөл бас нэг шинэ шатанд гарч, олон улсын томоохон концернуудтай гэрээ эрх зүйн хувьд холбоотой болоод байгаа аж.

Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах, Бензин үйлдвэрлэх байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “Honeywell UOP” компани болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Манай улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь Гүн боловсруулалтын гидрокрекинг технологитой. Энэ нь газрын тосны хүнд үлдэгдэл буюу хүнд молекулуудыг устөрөгчтэй орчинд катализаторын тусламжтайгаар задалж бензин, керосин, дизель түлш, шингэрүүлсэн хий зэрэг хөнгөн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх зориулалттай юм.

Гидрокрекинг технологийн байгууламж нь өндөр чанарын дизель, онгоцны түлш түлхүү үйлдвэрлэх зориулалттай, түүхий тосны шинж чанар, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай байх ёстой аж.

Үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийг оновчтой сонгохын тулд эцсийн бүтээгдэхүүний төрөл ба гарцын хэмжээ, чанар стандартын шаардлага хангах эсэх, үйл ажиллагааны хүндрэл, горимын уян хатан чанар, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуур үзүүлэлтээр 30 гаруй технологийг харьцуулан судалж тооцоолжээ. Олон шалгуур үзүүлэлтийн эцэст Гидрокрекинг байгууламж хамгийн тохиромжтой технологиор шалгарсан байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.