Инфляц

Бодлогын хүү

ХӨНДӨХ СЭДЭВ: "Covid-19" халдварын "XBB" шинэ хувилбар дахин давлагаа үүсгэх вий!

Цар тахал намжиж иргэд ч тоохоо болиод удаж байна.  Хил нээгдэж, хязгаарлалт сулрахын зэрэгцээ аялал жуулчлал сэргэж байгаа нь эдийн засаг тэлэхэд томоохон дэмжлэг болж буй. Урд хөрш “тэг ковид” бодлогоо сулруулж хилээ нээсэн ч өнөөдрийг хүртэл ПГУ шинжилгээ авч нэвтрүүлж байгаа. Энэ нь халдвар дахин дэгдэхээс болгоомжилж буй. Өнөөдөр ч тус улсад цар тахлын айдас байгаа гэх мэдээлэл бий. Харин монголчууд зөвхөн гадагшаа явахдаа л шинжилгээ өгөхөөс бусдаар назгайрчээ.

Олон нийтийн газар, гудамж талбай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний байгууллагад  амны хаалт зүүсэн хүн ховор. Дээр нь энд тэндгүй нус цэрээ нийж, нэгнийхээ чихэн дээр ханиалгасан ч тоохоо болилоо. Магадгүй бид урьдын адил амны хаалтаа зүүхийг ч үгүйсгэх аргагүй.

Саяхан цахим сүлжээнд Covid-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдэж, гурван хүний хоёр нь хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Манай улсад Covid-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдсэн.

Өмнө нь тохиолдлын тоо тэг болсон байсан бол өнөөдөр долоо хоногт 100 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.
 

Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Хүмүүс амны хаалтаа зүүх хэрэгтэй” гэж  албаны эх сурвалж хэлж байлаа.

Харин хэзээ манай улсад бүртгэгдсэн, ямар шинж тэмдэг илэрдэг нь тодорхойгүй. Энэ талаар албан ёсоор мэдээлэх албаны хүн өнөөдөр алга бололтой.  Эрүүл мэндийн яам ч тэр, Халдварт өвчин судлалын үндэсний төв бүгд нэг нэгэн рүүгээ чихэж байна.

Ямартай ч  Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээллээр Covid-19 халдварын “XBB” хувилбар манай улсад бүртгэгдсэн  нь энэ аж. 

 Тус яамны  Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярбат хэлэхдээ “Covid-19 халдварын “XBB” хувилбар нь омикрон гэсэн үг. Хоруу чанар, шинж тэмдэг адилхан. Бид бүхэн сэрэмжлүүлэг мэдээлэл болгож хүргэж байгаа”  гэлээ. Харин давлагаа болох хэмжээнд дэгдэхгүй гэж яамны зүгээс таамаглаж байгаа гэнэ. Ийм болов ч тоохгүй өнгөрч болохгүй. 

Ямартай ч “XBB” нь “омикрон”-ы хоёр дэд хувилбарын хосолсон хувилбар юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр энэ хувилбар нь халдварлах хамгийн өндөр чадвартайг онцолсон байдаг. 

Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яамын статистик  мэдээлэлд халдварын тохиодлол, бүртгэлийн талаарх мэдээлэл алга. Уг нь тогтмол мэдээлдэг байсан ч  энэ оны гуравдугаар сараас хойшхи мэдээллийг шинэчлээгүй бололтой.  Тэгэхээр хоногт хэчнээн тохиолдол бүртгэгдэж байгааг бид мэдэхгүй.

 Б.ЦЭЦЭГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.