Инфляц

Бодлогын хүү

Сургууль орчмын үзэгдэх орчин муу, харанхуй байршлуудад лед гэрлэн гарц хийнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчмын бүс дэх хүүхэд хамгааллыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, хар цэг буюу зам тээврийн осол ихээр гардаг байршлуудын судалгааг хийж, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийхээр төсвийг шийдсэн. 2023 оны эхний есөн сарын байдлаар нийслэлд 379 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн бөгөөд тэдгээрийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үедээ осолд өртсөн байна. Ослын шалтгаан нөхцөлийг харвал үзэгдэх орчин хязгаарлагдсан, гэрэлтүүлэг хангалтгүй байгаагаас үүдэлтэй бөгөөд өглөө 07:00-08:00 цаг, орой 17:00-20:00 цагт осолд өртөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн хичээлдээ ирэх, тарах цагаар нь явган хүний гарцын гэрэлтүүлгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм. Одоогоор туршилтын байдлаар, нийгмийн хариуцлагын хүрээнд  2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд лед гэрлэн гарцыг хийсэн бөгөөд цаашид мөн хурд сааруулагчийг сайжруулахаар төлөвлөжээ.  

“Алтан нутуг гэрэгэ” ХХК-ийн захирал Т.Сансар “Гэрлэн гарцыг байршуулснаар зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахад нөлөөтэй гэж үзэж байгаа. Хар бараан өнгийн хувцастай хүнийг жолооч нар харанхуйд 20 метрийн зайнаас хардаг гэх судалгаа бий. Жолоочийн самбаачлах хугацаанаас шалтгаалж осол гарах эрсдэл өндөр байдаг. Лед гэрлэн гарцын гэрэл бараан хувцастай хүний дээрээс тусаж байгаа тул жолооч нарт явган зорчигчийг харах боломжийг тодорхой хэмжээнд хангаж өгнө. Монголд анх удаа хийж байгаа, туршилтын хувилбар тул илүү сайжруулна” гэлээ.

Ташрамд дурдахад, ОХУ 2019 оноос эхлэн “Аюулгүй чанартай зам” үндэсний төслийг хэрэгжүүлж, явган хүний гарцын үзэгдэх орчныг сайжруулах зорилгоор лед проекторыг ашиглан явган хүний гарцын үзэгдэлтийг сайжруулж байжээ. Энэ нь шөнийн цагаар явган хүний гарцын тэмдэглэлийг тодруулах, явган зорчигчийн харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилготой байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.