Инфляц

Бодлогын хүү

Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургууль жишиг гал тогоог нутагшуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллав.

Зудын нөхцөл байдлаас үүдэн зам харгуй хаагдсантай холбоотой 31 сурагч сургуульдаа явах боломжгүй болжээ. Засгийн газрын Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс, сумын Шуурхай штаб хамтран зам нээх ажлыг эхлүүлээд байна. Сумаас малчдад хүрэх 15 чиглэлийн бүх зам хаагдсан байсан бөгөөд “Зил-131” машин нэг, трактор гурвыг ашиглан өнөөдрийн байдлаар 82 км замыг нээгээд байгаа юм. Ингэснээр сурагчид ойрын өдрүүдэд хичээлдээ ирэх боломжтой болно.

Салбарын сайд Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль 2010 онд “КОИКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр жишиг гал тогоотой болжээ. Төсөл хэрэгжиж дууссан хэдий ч төслийн үр дүнг өнөөдрийг хүртэл нутагшуулж, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэн сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

Сургуулийн захиргаа сүүлийн хоёр жил нөхөн хангалтын зардлаар багш нараа компьютерээр ханган Eduten, Pearson платформыг сургалтад нэвтрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн гэнэ. Дөрөвдүгээр ангийн хоёр бүлэгт суралцах сурагчийн тоо ихэссэн тул Eduten платформыг группээр орох хэрэгцээ үүсэж байгааг хэлж байлаа.

Мөн “Итгэлтэй утас” ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдалд анхаарч байгаа, 150 хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн дотуур байр баригдаж байгаа, ариун цэврийн байгууламжийн ажлыг дуусах шатандаа орсон талаар сургуулийн захирал танилцуулсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Дашинчилэн суманд ажиллах үеэр цэцэрлэгийн байрыг их засварт оруулах, өргөтгөл барих төсвийг улсын төсөвт суулгаж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгч хүслээ. Сумын цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 150-160 хүүхэд бүртгэлтэй хүмүүжиж байна.

Эх сурвалж: БШУЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.