Инфляц

Бодлогын хүү

Доналд Трамп ирэх оны сонгуульд ялбал Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална гэв

АНУ-ын ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай Доналд Трамп Айова мужийн дэмжигчдэдээ хандаж, хэрвээ сонгуульд ялах юм бол одоогийн ерөнхийлөгч Жое Байдены засгийн газрын байгуулсан Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг цуцална гэж мэдэгдсэн байна. Ази-Номхон далайн 13 оронтой байгуулсан энэ худалдааны гэрээний уршгаар АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар доройтож, ажилгүйдэл нэмэгдэж байна гэж Доналд Трамп үзэж байгаа юм байна. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг ерөнхийлөгч Жое Байден 2022 оны 5-р сард санаачилж, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Фижи, Шинэ Зеланд, Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсуудын хамтаар гарын үсэг зурсан байдаг. Энэ олон улсын гэрээний зорилго нь энэ бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа худалдааны нөлөөтэй өрсөлдөхүйц интеграцийг бий болгох юм. Гэхдээ сүүлийн үед Вьетнам, Индонез зэрэг зарим гишүүн орнууд ажиллах хүчний тоо хэмжээ, орчин нөхцөлийг сайжруулах оролдлого хийхээс хойш суух болсны улмаас тодорхой хэмжээнд гэрээний чанар алдагдаж байгаа гэж олон улсын шинжээчид харах болсон. Энэ гэрээнээс өмнө АНУ ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон байсан ч Доналд Трамп 2017 оны 1-р сард бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн даруйдаа энэ гэрээнээс гарсан байдаг. Энэ удаад мөн дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол “Номхон далайг дамнасан худалдааны хэлэлцээрийн 2-р хувилбар” гэж өөрийнхөө нэрлэсэн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанаас гарах нь түүний хийх нэн тэргүүний ажил гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа юм байна. Үүгээр зогсохгүй Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ нь Номхон далайг дамнасан худалдааны гэрээнээс хавь илүү дор үр нөлөөг үзүүлж байна. Олон улсын нэртэй гэрээний дагуу Азийн орнуудын түүхий эд материал, импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг улдаа гишгэж байна гэж дурджээ.

Доналд Трамп мөн үргэлжлүүлэн, Ням гарагт АНУ-Мексикийн хилтэй ойрхон Техас мужийн Эдинбург хотод хүрэлцэн ирж, ирэх оны сонгуульд ялбал цагаачдын эсрэг баримтлах хатуу бодлогоо эрчимжүүлнэ гэсэн мэдэгдэл хийлээ. Түүнийг хүлээн авсан Техас мужийн захирагч Грег Аббот түүнийг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Доналд Трамп одоогийн ерөнхийлөгч Жое Байденыг шүүмжилж, өнөөгийн АНУ-ын хилийн нөхцөл байдалд түүхэн доод түвшинд очиж, дэлхийн хамгийн эрсдэлтэй хилийн зурвас боллоо гэж тодорхойлсон байна. Шинээр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан хилийн хатуу бодлогынхоо хүрээнд хууль бус цагаачдыг их хэмжээгээр албадан гаргана гэж онцоллоо.

Түүнчлэн хууль ёсны дагуу цагаачлан ирэгсдийн хөдөлгөөнийг ч хязгаарлана гэж нэмж дурдлаа. Хууль бусаар цагаачлан орж ирсэн иргэдийг улсаас албадан гаргахын тулд эхлээд бөөнөөр нь дүрвэгсдийн хуаранд байрлуулна. Ингэхийн тулд хилийн зурвас дагасан дүрвэгч цагаачдын орогнох газрууд олноор барих шаардлагатай болно. Мөн улс даяар хууль бусаар цагаачилсан хүмүүсийг олж илрүүлж саатуулахын тулд холбооны болон муж улсуудын хууль тогтоомжид нэгдсэн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна. Харин Трамптай ирэх оны сонгуульд өрсөлдөх ерөнхийлөгч Жое Байдены сонгуулийн менежер Жулиа Чавез Родригез Доналд Трампыг дүрвэгсдийн араас хөөцөлдөж, ард түмний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд халдаж байна гэж шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.