Инфляц

Бодлогын хүү

Ж.Дэлгэрсайхан: Валютын ханшийг тогтворжуулах нь зөвхөн Монголбанкны үүрэг биш

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Засгийн газар гадаад зах зээлээс 650 сая ам.долларын санхүүжилт татлаа. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Энэ удаагийн бондын дахин санхүүжилтийн хүү, хугацааны нөхцөлийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Санхүүжилтийн нөхцөлийг дүгнэхийн тулд бид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдах шаардлагатай. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг улс орон бүр хийсэн, нөгөө талд нь цар тахлын нөлөөгөөр бараа бүтээгдэхүүний хангамж тээврийн үнэ хугацаатай хамааралтайгаар тасалдсан нь үнийг өсгөх гол нөхцөл болж инфляцаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл өргөн цар хүрээтэй бий болсон. Энэ нь одоо хүртэл үргэлжилж энэ ондоо харьцангуй тогтворжих болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүний эсрэг улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлт саарах, үнэ өсөх байдалтай байна. Тодруулбал, дэлхий дахинд мөнгө ховордож, түүний хүү өсөх хандлагатай болсон. Бидний хувьд ч энэ байдал яг ижил, дээр нь экспортоос хүчтэй хамааралтай, эдийн засгийн бүтэц сул байдал нь илүү эрсдэлийг бий болгосон. Үүнтэй холбоотойгоор 2022 оны дунд үед валютын нөөц, экспорт буурсан зэрэг сөрөг нөлөөлөл бий болсон нь биднийг санхүүгийн хувьд эрсдэлтэй улс орнуудын тоонд оруулж өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг хийж байсан. Энэ бидний өмнө гаргасан бондуудын өгөөж ихээр өсөх байдлаар илэрч байсан. Өгөөжийн өсөлтийн түвшин бараг бидний 2017 оны нөхцөл байдлыг буюу дефолт болж болзошгүй гэж байсан үеийг санагдуулах түвшинд байсан. Харин оны эцсийн гүйцэтгэлээр төсөв, гадаад худалдаа, эдийн засгийн өсөлтийн төлөв байдал таамаглаж байснаас эерэг гарсан нь бидний байдлыг харьцангуй дээрдүүлсэн гэж үзэх боломжтой. Эндээс үзвэл гаргасан бондын хүү 8.65, хугацаа 5 жил байгаагийн хувьд харьцангуй сайн нөхцөлөөр санхүүжилт татаж чадсан гэж үзэж болох юм. Үүний гол шалтгаан нь дээр дурдсан эдийн засгийн гол үзүүлэлт таамаглалаас давсан эерэг үр дүнтэй байснаас гадна валютын нөөц нэмэгдсэн, Монгол Улс зээлжих зэрэглэлээ хадгалж чадсантай холбоотой.

-Шинээр бонд гаргаснаар ойрын 1-2 жил төлөгдөх гадаад өрийн дарамт харьцангуй буурлаа гэж харж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн төлөв, гаднаас хөрөнгө оруулах сонирхолд хэрхэн нөлөөлөх бол?

-Шинээр бонд гаргаснаар энэ онд төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, ирэх оны “Хуралдай” бондын, ялангуяа энэ оны төлөлтийн хувьд нааштай үр дүнг бий болгож чадсан гэж үзэх боломжтой. Энэ нь Монгол Улсын хувьд Монгол Улсыг ойрын хугацаанд санхүүгийн хүндрэлд орж болзошгүй гэж харж байсан гадаад талуудын сөрөг хандлагыг бууруулах эерэг нөлөөтэй нь тодорхой. Мөн гадаад зах зээлээс санхүүжилт татсан, татах аж ахуйн нэгжүүдийн хувьд ч эерэг нөлөөг бий болгоно. Гэхдээ үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт шууд сайжрах, ингэснээр эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хэт өөдрөг хүлээлттэй байх боломжгүй юм. Учир нь бид өнөөдөр санхүүжилт татаж түр зуурын гал унтраах арга хэмжээ авснаар тодорхой хугацаанд амсхийх боломжийг бий болгож чадлаа.

Харин Монгол Улсыг харах гадаад зах зээлийн суурь хандлагыг өөрчлөх зүйлийг бий болгож чадаагүй байна. Энэ нь эдийн засаг, төсөв, мөнгөний тогтвортой бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эдийн засаг, эрх зүйн орчны таатай нөхцөл юм. Өнөөдрийг хүртэл Монгол Улсыг хөрөнгө оруулалтын хувьд таатай орчин хэвээр гэж харж байгаа боловч засаглал, бодлогын тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэх олон алдааг бид гаргаж ирсэнтэй холбоотой хөрөнгө оруулалт буурсан гэж би хувьдаа үздэг. Харин эдийн засгийн өгөөж, боломжийн хувьд бид одоо ч таатай орчин хэвээр. Тиймээс бид энэ хугацаанд дотоод нөхцөл байдлаа засах боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.

-Өнгөрсөн оны төгсгөлд Монгол Улсын нүүрсний экспорт сэргэж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээнээс гадна түүхий эдийн үнэ 2023 онд өсөх төлөвтэй байгаа. Энэ нь манай төлбөрийн тэнцэл, гадаад валютын ханшид хэрхэн нөлөөлөх бол?

-Энэ онд гадаад худалдааны нийт эргэлт анх удаа 20 тэрбум ам.долларыг давж 21.2 тэрбум болсон нь цар тахлын хүндрэлийг даван гарахыг хичээж байгаа бидний хувьд сайн үзүүлэлт юм. Энэ дотор таны дурдсан нүүрсний экспортын хувьд бид оны сүүлийн хагас ялангуяа сүүлийн 4 сард амжилттай ажиллаж 31.8 сая тонн хүрч үнийн дүнгээр 6.5 тэрбум болсон нь эдийн засагт томоохон эерэг нөлөөллийг бий болголоо. Дээрх нөхцөл байдал 2023 онд хэвээр үргэлжилж, дээр нь хилийн боомтын нэвтрүүлэх чадвар, төмөр замын тээврийг ашиглах байдал нэмэгдвэл төлбөрийн тэнцэл, валютын ханшид эерэг нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ бид төлбөрийн тэнцлийн урсгал дансан дээрээ өндөр алдагдалтай байгаа, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж валютын гарах урсгал нэмэгдэх байдлыг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид дан ганц эрдсийн экспортын эерэг нөлөөллөөр төлбөрийн тэнцлийн сөрөг нөхцөлийг арилгах боломжгүй. Үүн дээр бусад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх байдлаар орох гарах урсгалыг тэнцвэржүүлэх нь чухал. Мөн төсвийн зөв бодлогоор валютын ханш, инфляцыг өдөөхгүй байх нь чухал. Мөн дээр нь улс төрийн популист шинжтэй амлалт, мөнгөний нийлүүлэлтийг зүй бус хандлагууд гээд нөлөөлөх хүчин зүйл олон. Иймээс бид валютын ханшийг тогтворжуулахын тулд асуудалд цогцоор хандах хэрэгтэй. Түүнээс Монголбанк гэх мэт тодорхой институцын үүрэг байдлаар хандвал асуудал шийдэгдэхгүй.

-Экспортын эерэг хүлээлт, өрийн дахин санхүүжилт зэргээс хамааран 2023 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Би хувьдаа 2023 оны эдийн засгийн нөхцөл байдлыг эергээр харж байгаа. Энэ нь зөвхөн уул уурхайн салбартай ч холбоотой бус. Цар тахлын нөлөөлөл, түүний эсрэг бодлогын эерэг сөрөг нөлөөлөл харьцангуй саармагжих нь эерэг нөлөөлнө. Уул уурхайн салбарын хувьд сүүлийн жилүүдийн нэгэн адил бидний гол найдвар байх нь тодорхой. Үүн дээр төр засгийн зүгээс хэрэгжүүлэх бодлого, богино хугацааны шийдвэр гаргалт ихээр нөлөөлнө. Мөн бид 2023 оныг сонгуулийн өмнөх жил гэдгийг санах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд, эрх баригчид, улстөрчдийн зүгээс ард түмэнд хайртайгаа илэрхийлэх хэт “мэргэн” санаануудыг болж өгвөл хязгаарлах шаардлагатай. Өрийн дахин санхүүжилт хийсэн нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд Сангийн яамны зүгээс хийж чадсан томоохон эерэг алхам гэдгийг дурдах хэрэгтэй.

Энэ нь үүсээд байсан дотоод, гадаад орчин дахь санхүүгийн хүндрэл болж болзошгүй гэсэн эргэлзээг сааруулахад эерэг нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй. Үүгээрээ ч эдийн засагт тодорхой эерэг дам нөлөөллийг бий болгоно. Гэхдээ энэ нь Монгол Улсын өрийн асуудлыг бүрэн шийдсэн зүйл биш гэдгийг бид ойлгох учиртай. Өнөөдөр өр бидний хувьд цаашид онцгой анхаарах асуудал хэвээр. Иймд дээр дурдсаны нэгэн адил бид асуудлыг намжааж чадсан одоо цаашид өрийн зөв удирдлагыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах байдлаар өрийн ирээдүйн дарамтыг бууруулах чиглэлээр ажиллах нь чухал. Ингэж чадвал зээлжих зэрэглэл нэмэгдэх, өрийн санхүүжилтийн зардал буурах байдлаар төр, хувийн хэвшлийн санхүүжилтэд эерэг нөлөөлөх байдлаар эдийн засгийн өсөлтөд дунд, урт хугацаандаа эерэг нөлөөлөх боломжтой. Эцэст нь бид дунд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадахгүй бол бидний өмнө тулгараад байгаа өр болон бусад томоохон асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Үүний тулд улс төрийн байдал сайжрах түүнээс үүдэлтэй засаглалын чадавх нэмэгдэх шаардлагатай. Тэгэхгүй бол өнөөгийн суурь нөхцөлийг харвал урт хугацааны тогтвортой бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх боломж ихээхэн эргэлзээтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.