Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирж, эрх мэдэлтнүүд хөлөө жийлцэж эхэлмэгц өмнөх шалгалтын дүгнэлтийг ил болголоо. Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд 2016 онд Засгийн газрын Ажлын хэсэг байгуулж хяналт, шалгалт хийсэн ч дүгнэлтийг нь төрийн болон албаны нууц хэмээн хав дарсан байдаг.
Харин тухайн үеийн Ажлын хэсгийг ахалж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэрхүү материалыг нууцаас хасах саналыг Ерөнхий сайдад хүргүүлснээр, Засгийн газар өчигдөр нууцаас хассан. Мөн тухайн үеийн хяналт, шалгалттай холбоотой 130 хуудас хуудас материал байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлж байна.
Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувиар Ажлын хэсгийг ахалж байсан бөгөөд тухайн үед Хөгжлийн банк УИХ болон Засгийн газрын аль алиных нь хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна гэж мэдэгдэж байв.
Мөн нийт 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон байсан. Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд төгрөг, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөг, арилжааны банкнаас 1.2 наяд орчим төгрөгийн нийт 370 зээл олгогдсоноос 93 нь төлөгдсөн байсан. Банкны нийт активын 79 хувийг зээл эзэлж байсан бөгөөд эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алдагдалд орж болзошгүй гэдэг дүгнэлт гаргаж байсан түүхтэй.
Товчхондоо одоогоос таван жилийн өмнө Хөгжлийн банк асуудалд орчихсон байна шүү гэдэг анхааруулгыг өгч байсан байна. Гэтэл түүнийг нь НУУЦ гэж хав дарчхаад өнөөдөр “томчууд” түүнийгээ “зэвсэг” болгон ашиглаж байгаа нь МАН-д асуудал үүссэний илэрхийлэл.
Таван жилийн өмнөх дүгнэлтэд
·"Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.
·Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.
·Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан. Төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.
·Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.
·Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.
·Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.
·Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан. Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн анхаарал татсан асуудлуудын талаар тухайн үед мэдээлэл өгч байв.
·Мөн Хөгжлийн банкны цалингийн зардал 2011-2012 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны эцэст 4 тэрбум 700 сая болж нэмэгдсэн
зэргийг мэдээлж байсан ч ёстой л нохой хуцсан чинээ тоолгүй өнгөрсөн.
Эдгээрийг анзаарвал ихэнх нь төрөөс хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг санхүүжүүлсэн байгаа юм. Нөгөө талдаа өмнө нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон гэгдэж байсан зарим хэргийг сэргээж, холбогдох албан тушаалтнуудыг “боорлож” эхэлсэн. Тиймээс энэ удаагийн нууцаас хассан дүгнэлтээр нэлээд хэдэн хүнийг дахин хорих хангалттай үндэслэл үүсэхээр байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Нийт сэтгэгдэл (0)