
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм. Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг өнөөдөр танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэж байгууллагын төлөөлөлд хэллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байна. Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх, эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах нөхцөл бүрдэх юм.

0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)