Инфляц

Бодлогын хүү

Ozempic, Wegovy хэрэглэсэн 100,000 хүн тутмын 6-д хараа алдах эрсдэлтэй эмгэг илэрчээ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар (FDA) тураах болон чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг Ozempic, Wegovy зэрэг GLP-1 бүлгийн эмийн шошгонд хараа алдах ховор эрсдэлийн тухай шинэ анхааруулга оруулахыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгожээ.

FDA нийт 134,253 хүн хамрагдсан 126 эмнэлзүйн туршилтын мэдээллийг судалсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байна.

Судалгаагаар GLP-1 бүлгийн эм хэрэглэсэн 100,000 хүн тутмын 6 орчимд 1 жилийн хугацаанд харааны мэдрэлийн цусан хангамж алдагдах эмгэг илэрчээ. Харин цусан дахь сахарын хэмжээг бууруулах өөр төрлийн эм хэрэглэсэн 100,000 хүн тутмын 4 хүрэхгүйд нь уг эмгэг бүртгэгдсэн байна.

Ингэснээр GLP-1 бүлгийн эм хэрэглэгчдийн дунд уг эмгэг илрэх түвшин харьцуулах бүлгээс 68% өндөр гарчээ. Гэхдээ энэ нь эм өөрөө хараа алдалтын шалтгаан болдог гэдгийг баталсан гэсэн үг биш гэдгийг FDA онцолсон байна.

Уг эмгэгийг артерийн үрэвсэлтэй холбоогүй харааны мэдрэлийн урд хэсгийн ишемийн эмгэг (NAION) гэж нэрлэдэг. Харааны мэдрэлд очих цусны урсгал багассанаар хараа гэнэт муудах, зарим тохиолдолд бүрмөсөн алдагдах аюултай. Нэгэнт гэмтсэн харааг бүрэн сэргээх батлагдсан эмчилгээ одоогоор байхгүй аж.

FDA 2024 оноос энэ эрсдэлийг судалж эхэлжээ. Учир нь Ozempic, Wegovy эмийн үндсэн найрлага болох семаглутид хэрэглэсэн зарим өвчтөнд хараа алдах тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэхдээ чихрийн шижин, цусны даралт ихсэх, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг нь өөрсдөө уг эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр өвчин GLP-1 эм хэрэглэдэг хүмүүсийн дунд түгээмэл байдаг тул хараа алдалт эмээс шууд шалтгаалсан эсэхийг тогтооход хүндрэлтэй байгааг FDA тайлбарлажээ.

FDA-ийн судалсан мэдээллийн нэг хэсэг болох 78,000 орчим оролцогчоос 10 хүнд хараа алдах тохиолдол бүртгэгдсэн нь ойролцоогоор 0.01% юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг эрсдэл маш ховор боловч хараанд ноцтой, эргэлт буцалтгүй өөрчлөлт үүсгэж болзошгүй. Иймээс эдгээр эмийг хэрэглэж байх үед хараа гэнэт муудах, нэг нүдний хараа алдагдах шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Эх сурвалж: FOX Business, АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар (FDA).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.