Инфляц

Бодлогын хүү

ДЭМБ тамхи, архи, чихэрлэг ундааны үнийг 2035 он гэхэд 50% өсгөхийг уриаллаа

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тамхи, согтууруулах ундаа, чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахын тулд татварыг нэмэгдүүлж, инфляцыг тооцсон бодит үнийг 2035 он гэхэд 50 хувиар өсгөхийг улс орнуудад уриалжээ.

ДЭМБ-ын танилцуулсан 15 улсын судалгаагаар тамхины татварыг нэмэгдүүлэх нь хэрэглээг бууруулахын зэрэгцээ улсын төсвийн орлогыг өсгөх үр дүнтэй арга болохыг тогтоосон байна.

Тухайлбал, Филиппинд тамхины татварын шинэчлэлийн үр дүнд 2008-2024 онд хамгийн түгээмэл борлуулагддаг янжуурын бодит үнэ 638 хувиар өссөн бол 2010-2025 онд тамхи татдаг иргэдийн эзлэх хувь харьцангуй хэмжээгээр гуравны нэг орчмоор буурчээ. Украинд мөн хугацаанд янжуурын бодит үнэ 659 хувиар нэмэгдсэн байна.

ДЭМБ-ын тооцоолсноор, 2035 он гэхэд зорилтот түвшинд хүрэхийн тулд дэлхийн дундаж үнээр нэг хайрцаг янжуурыг 4.7-оос 9.6 ам.доллар, 330 мл шар айргийг 1.3-аас 3.1 ам.доллар, ижил хэмжээтэй чихэрлэг ундааг 0.9-өөс 1.9 ам.долларт хүргэх шаардлагатай аж.

Одоогоор дэлхийн 116 улс чихэрлэг ундаа, 167 улс согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулж байгаа ч ДЭМБ эдгээр татварын хэмжээ эрүүл мэндийг хамгаалахад хангалтгүй гэж үзжээ.

Тус байгууллагаас татварыг тогтмол нэмэгдүүлж, инфляц болон орлогын өсөлттэй уялдуулах нь хортой бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтойг онцолсон юм.

Эх сурвалж: ДЭМБ, 2026.09.30

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.