
Төрийн байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлын 94–98 хувийг шийдвэрлэсэн гэж тайлагнадаг. Харин иргэдийн үнэлгээгээр энэ үзүүлэлт ердөө 48–58 хувьтай байгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын судалгаа харуулжээ.
ХЭҮК 2026 оны 11 дүгээр сарын 17-нд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцууллаа.
Судалгаагаар иргэдийн өргөдөл, гомдол гаргах эрх хуулиар баталгаажсан боловч төрийн байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй, хууль эрх зүйн зохицуулалт давхардсан нь уг эрхийн бодит хэрэгжилтэд саад болж байгааг тогтоожээ.
Тухайлбал, төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол хүлээн авах сувгууд нэгдсэн бүртгэлд холбогдоогүй байна. Үүнээс шалтгаалан нэг асуудлаар давтан гомдол гаргах, иргэд өөрийн гомдлыг аль байгууллагад шилжүүлсэн, шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд явааг хянах боломж хязгаарлагдмал байгаа юм.
Мөн төрийн байгууллага өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгснөө асуудлыг шийдвэрлэсэн гэж тооцож буй аргачлал хангалтгүй гэж судлаачид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, иргэнд хариу ирсэн ч түүний гомдол гаргасан асуудал бодитоор шийдэгдээгүй байх боломжтой байна.
Иймд ХЭҮК өргөдөл, гомдол шийдвэрлэх тогтолцоог шинэчилж, утас, цахим систем, 11-11 төв болон албан бичгээр ирүүлсэн гомдлыг нэг бүртгэлд нэгтгэхийг зөвлөжээ.
Ингэснээр иргэд өргөдөл, гомдлынхоо явц, харьяалал, шилжүүлсэн үндэслэлийг нэг цонхоор хянах боломж бүрдэх юм. Мөн харьяалал зөрсөн гэх шалтгаанаар гомдлыг буцаах бус, холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлдэг тогтолцоо нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Түүнчлэн төрийн байгууллагын ажлыг зөвхөн хугацаанд нь хариу өгсөн эсэхээр бус, иргэний асуудлыг бодитоор шийдвэрлэсэн байдал, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамжаар үнэлэх санал дэвшүүлжээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид судалгааны эцсийн үр дүнг ирэх жилийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж, холбогдох хууль, бодлогын орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, 2026.11.17
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)