Инфляц

Бодлогын хүү

Францын 400 гаруй супермаркет кибер халдлагад өртөж, олон тонн хүнс мууджээ

Францын 400 гаруй супермаркетын хөргөгч, хөлдөөгчийг хакерууд алсаас удирдан температурыг нь нэмэгдүүлснээр олон тонн хүнсний бүтээгдэхүүн мууджээ.

10 дугаар сарын 12-нд шилжих шөнө болсон кибер халдлагад Cooperative U, Leclerc, Les Mousquetaires, Intermarché зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд өртсөн байна.

Хакерууд дэлгүүрүүдийн хөргөлтийн системд нэвтэрч, зарим хөргөгчийн температурыг зургаан цаг гаруй хугацаанд Цельсийн 50 хэмд хүргэжээ. Үүний улмаас супермаркетууд хадгалалтын горим алдагдсан бүх шинэ болон хөлдөөсөн бүтээгдэхүүнээ устгахаас өөр аргагүй болсон байна. Мөн зарим дэлгүүрт гал гарсан тухай мэдээллийг Парисын прокуророос баталжээ.

Урьдчилсан мэдээллээр, халдлагад Данийн Danfoss компанийн нийлүүлсэн хөргөлтийн системийн программ хангамжийн эмзэг байдлыг ашигласан байж болзошгүй гэнэ. Тус компани халдлагад өртсөн зарим төхөөрөмж хуучирсан программын хувилбартай байсныг мэдэгдсэн байна.

Бельги, Люксембург, Нидерландад ч хөргөлтийн системийн аюулгүй байдалтай холбоотой асуудал бүртгэгдсэн тул халдлага бусад улсад нөлөөлсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд ямар нэг бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна.

Энэхүү халдлага нь кибер гэмт хэрэг зөвхөн мэдээлэл хулгайлах бус, хүнсний хадгалалт, нийлүүлэлтийн системийг доголдуулж, бодит хохирол учруулах эрсдэлтэйг харуулж байна.

Эх сурвалж: Deutsche Welle, AFP, Reuters

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.