Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа Гашуунсухайт боомтод байгуулсан 30 га талбай бүхий чингэлэг тээврийн терминалыг MCS компани болон Сангийн сайд асан Б.Жавхлан нар эзэмшдэг хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Тиймээс уг терминалын өмчлөлийн талаар бид холбогдох албаныхан болон нээлттэй мэдээллийн сангаас дараах мэдээллийг бэлтгэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор цар тахлын үед нүүрсний экспортыг тасралтгүй явуулах, хүн хоорондын харилцааг багасгах зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэрийг анх гаргасан байна.
Засгийн газрын тогтоолд дурдагдсанаар тогтоолын хэрэгжилтийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг (тухайн үеийн албан тушаалаар) Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт тус тус Засгийн газраас үүрэг болгож байжээ.
Ингээд Гашууншухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж байж. Гэрээ ёсоор санхүүжилтийн 60 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 15 хувийг Тавантолгой ХК, 25 хувийг Энержи ресурс ХХК гаргасан байна.
Терминалыг нийт 30 га талбайд хоёр сар гаруйн хугацаанд байгуулж, 2021 оны есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулан мөн оны 12-р сарын 30-ны өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 680 дугаар тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны өмчлөлд бүртгэсэн байна.
Эндээс харахад терминалын санхүүжилтэд төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцсон боловч тухайн байгууламжийн өмчлөл, газар эзэмшил нь Боомтын захиргаатай холбоотойгоор бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл “60:15:25” гэсэн харьцаа нь терминалын өмчлөлийн хувь хэмжээ бус, анхны бүтээн байгуулалтын санхүүжилт болон менежментийн оролцоотой холбоотой харьцаа байгаа юм.
Терминалыг байгуулах болсон гол шалтгаан нь тухайн үед Цагаан хад орчимд нүүрс их хэмжээгээр хуримтлагдаж, импортлогч талын нуранги нүүрс ачаа авахгүй гэсэн шаардлага, уртын тээвэр, гаалийн хяналт, нүүрсний чанар, байгаль орчны асуудал үүсэж байсантай холбоотой. Чингэлэг ашигласнаар нүүрсийг битүүмжилсэн байдлаар тээвэрлэх, гаалийн хяналтыг цахимжуулах, хил нэвтрүүлэх ажиллагааг хурдасгах зорилготой байсан байна.
Анхны үзүүлэлтээр өдөрт 8,100 чингэлэг ойролцоогоор 259,200 тонн нүүрсний багтаамж бүхий жилд 8 сая тонн хүртэл экспортлох хүчин чадал гэж мэдээлсэн. Харин Монголын газар зохион байгуулалт, төлөвлөлтийн тайланд терминалыг жилд 10 сая тонн чингэлэгтэй нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай гэж бүртгэжээ.

(1).jpeg)
.jpeg)
.jpeg)


0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)