.jpeg)
Монгол Улс Дэлхийн банкны санхүүжилтийг хүлээн авдаг орноос хандивлагч орон болжээ. УИХ-аас Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) 21 дэх удаагийн санхүүжилтэд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая ам.доллар хандивлах шийдвэр гаргасныг Дэлхийн банкны групп 2026.10.17-нд мэдээллээ.
Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны группт элссэнээс хойш нийт 1.62 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилт авч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулжээ. Харин 2020 онд Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй санхүүжилт авах орнуудын жагсаалтаас гарсан байна.
Дэлхийн банк Монгол Улсыг хандивлагч болсон нь хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал хэмээн онцолжээ. Өмнө нь БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк зэрэг улс санхүүжилт хүлээн авагчаас хандивлагч болж байв.
Гэвч Монгол Улсын дотоод дахь ядуурлын асуудал хэвээр байна. Дэлхийн банкны мэдээлснээр 2022 онд хүн амын 27.1 хувь буюу 900 мянга орчим иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байжээ.
Ийнхүү Монгол Улс бусад орны ядуурлыг бууруулахад 4.8 тэрбум төгрөг хандивлахаар болсон нь дотоодын ядуурал, төсвийн хөрөнгийн зарцуулалтын асуудлыг давхар хөндөж байна.
Эх сурвалж: Дэлхийн банкны групп
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)