Инфляц

Бодлогын хүү

Европын орнуудын араас Австрали иргэддээ хүнс, ус нөөцлөхийг зөвлөж эхэллээ

Зургийн тайлбар: Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнхэм онцгой нөхцөл байдал үүсэхэд бэлэн байх үүднээс иргэдийг 3 хоногийн хүнсний нөөц бүрдүүлэхийг уриалах үеийн зураг.

 

Их Британийн Засгийн газар 2026 оны 10 дугаар сарын 22-нд иргэдээ онцгой нөхцөлд бэлтгэх “Be Ready” аяныг эхлүүлж, 3 хоногийн хүнс, ус болон шаардлагатай хэрэгсэл нөөцлөхийг зөвлөжээ. Үүнээс хойш лаазалсан хүнс, савласан ус, радио, гар чийдэнгийн борлуулалт нэмэгдсэн талаар мэдээлсэн байна. (Эх сурвалж: Их Британийн Засгийн газар, Yahoo News Australia)

Үүний дараа Францын Норманди муж 10 дугаар сарын 27-нд иргэддээ 72 цагийн нөөц бүрдүүлэхийг дахин анхааруулжээ. Тус улсын зөвлөмжид нэг хүнд 6 литр ус, удаан хадгалах хүнс, эм, гар чийдэн, радио, бэлэн мөнгө зэргийг бэлтгэхээр тусгасан байна. Энэ нь дайн, кибер халдлага, байгалийн гамшиг, цахилгаан болон холбооны сүлжээ тасрах зэрэг эрсдэлээс сэргийлэх зорилготой юм. (Эх сурвалж: Newsweek, 2026.10.28)

Мөн Люксембург, Бельги, Нидерланд зэрэг улс онцгой байдлын бэлтгэлийн талаарх мэдээллээ шинэчилж, иргэдэд хүргэж эхэлжээ. Норвеги 10 дугаар сарын 26-нд бэлэн байдлын 7 хоногийг эхлүүлсэн байна. Тус улс болон Швед иргэддээ 7 хоног, Герман 10 хүртэл хоногийн хүнс, ус нөөцлөхийг зөвлөж байна.  (Эх сурвалж: Норвегийн Иргэний хамгаалалтын газар, Newsweek)

 

Энэ уриалгад Австралийн Улаан загалмайн нийгэмлэг ч дуу хоолойгоо нэгтгэжээ. Тус байгууллагын Сэргээн босголт, тэсвэрлэх чадварын асуудал хариуцсан захирал Никола Крей 10 дугаар сарын 29-нд Yahoo News Australia-д өгсөн ярилцлагадаа иргэдийг аливаа онцгой нөхцөлд бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна. Тэрбээр хүн бүр амьдарч буй орчныхоо эрсдэлийг мэдэж, хүнс, ус болон шаардлагатай хэрэгслээ урьдчилан бэлтгэх хэрэгтэйг онцолжээ. (Эх сурвалж: Yahoo News Australia, 2026.10.29)

Япон, Канад зэрэг улс ч иргэддээ 3 хоногийн нөөцтэй байхыг зөвлөдөг. Харин Европын Холбоо 2025 оны 3 дугаар сарын 26-нд 27 гишүүн улсын иргэдийг дор хаяж 72 цаг бие даан амьдрах бэлтгэлтэй болгох стратегиа танилцуулсан юм. (Эх сурвалж: Европын Комисс, 2025.03.26, Европын Комисс, 2026.05.26)

Зарим улс зөвхөн хүнс, усаар хязгаарлахгүй байна. Тухайлбал, Шведийн төв банк насанд хүрсэн хүн бүрийг 1,000 крон, Нидерландын эрх баригчид 70 евро бэлнээр хадгалахыг зөвлөжээ. Учир нь цахилгаан, интернэт тасарвал банкны карт болон цахим төлбөрийн үйлчилгээ ажиллахгүй байх эрсдэлтэй. (Эх сурвалж: Шведийн төв банк, Нидерландын төв банк)

Эдгээр зөвлөмжийг байгалийн гамшиг, кибер халдлага, эрчим хүчний доголдол зэрэг гэнэтийн нөхцөлд иргэд төрийн тусламж иртэл өөрсдийн нөөцөөр хэрэгцээгээ хангах зорилготой гэж тайлбарлаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.