Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P Global Ratings агентлаг 10 дугаар сарын 8-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалснаа мэдэгджээ.
Тус агентлагийн үнэлгээгээр Оюу толгойн далд уурхайн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэх нь Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болохоор байна.
Мөн Монгол Улсын эдийн засаг ирэх 2–3 жилд ижил түвшний орлоготой бусад орноос харьцангуй өндөр өсөлттэй байх төлөвтэй гэж үзжээ.
Түүнчлэн гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан үзүүлэлт 2020 онд 184% байсан бол 2026 онд 58 % болж буурахаар тооцсон байна.
Засгийн газрын цэвэр өр 2025 онд ДНБ-ий 29%-тай тэнцэж байсан бол дунд хугацаанд 25% болж буурах төлөвтэй байна. Өрийн хүүгийн төлбөр төсвийн орлогын тав хүрэхгүй хувийг эзлэхээр байгаа нь өрийн дарамт харьцангуй бага байгааг илтгэжээ.
Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх бодлого, төсвийн тогтворжуулалтын болон баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх арга хэмжээг үнэлгээнд харгалзан үзсэн байна.
Ингэснээр 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван том агентлаг Монгол Улсын үнэлгээг тогтвортой хэвээр хадгаллаа. Тухайлбал, Fitch Ratings наймдугаар сарын 19-нд “B+, Тогтвортой”, Moody’s аравдугаар сарын 5-нд “B1, Тогтвортой” үнэлгээгээ тус тус хэвээр үлдээсэн юм.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)