Инфляц

Бодлогын хүү

Марокко улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд томилогдлоо

 

Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж, Фатима Захра Мансуриг тус улсын Засгийн газрыг байгуулах үүрэгтэй Ерөнхий сайдаар томиллоо.

 


Хаан VI Мохаммед түүнд шинэ Засгийн газрыг байгуулахыг даалгасан бөгөөд Мароккогийн Үндсэн хуулиар хаан парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан намын төлөөлөгчийг Ерөнхий сайдаар томилдог.

 


Мансуригийн харьяалагддаг төвийн баруун чиглэлийн Аутентич ба Модерн нам (PAM) өнгөрсөн долоо хоногийн парламентын сонгуульд 395 суудлын 97-г авч, дараагийн байрт орсон намаас 31 суудлаар илүү байжээ.

 


Гэвч уг сонгуульд сонгогчдын ирц сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

 


Мансури “улсынхаа түүхэнд анх удаа эмэгтэй хүн Засгийн газрыг удирдах хариуцлага хүлээж байгаа нь бүх Марокко эмэгтэйчүүдийн бахархал” хэмээн мэдэгджээ.

 


Тэрээр Арабын ертөнцийн Ерөнхий сайдын албыг хашсан хоёр дахь эмэгтэй болж байгаа бөгөөд өмнө нь Тунисын Нажла Буден 2021-2023 онд тус албыг хашиж байв.

 


50 настай Мансури 2008 оноос PAM-ын гишүүн бөгөөд 2009 онд Марракеш хотын анхны эмэгтэй хотын даргаар сонгогдон зургаан жил ажиллаж, 2021 онд уг албан тушаалдаа дахин сонгогджээ.

 


Шинэ Засгийн газар инфляцтай тэмцэх, цалин нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Марокко 2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг хамтран зохион байгуулахтай холбоотой олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.