Инфляц

Бодлогын хүү

Германы археологич: Чингис хаан байгаагүй бол дэлхийн түүх өнөөдрийнхөөс огт өөр байх байсан

Их эзэн Чингис хаан зөвхөн Монголын төдийгүй дэлхийн түүхийг үндсээр нь өөрчилсөн удирдагч болохыг Германы нэрт археологич Маттиас Вемхофф онцолжээ.

Тэрбээр Германы “Дойче Велле” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Чингис хаан байгаагүй бол дэлхийн түүх огт өөрөөр өрнөх байсан. Түүхэн олон үйл явдал түүний хувь хүнтэй салшгүй холбоотой” гэжээ. .

Чингис хаан тархай бутархай Монгол аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрний үндэс суурийг тавьсан юм.

Маттиас Вемхоффын онцолсноор Монголчууд цэргийн зохион байгуулалтыг шинэчилж, нэгдсэн хууль цааз, төрийн захиргааны тогтолцоог хөгжүүлэн, шашин шүтэх эрх чөлөөг дэмжиж байжээ. Мөн Монголын эзэнт гүрний үед Торгоны замын аюулгүй байдал сайжирч, Ази, Европыг холбосон худалдаа, соёл, мэдлэгийн солилцоо эрчимжсэн байна.

Тэрбээр Монголын эзэнт гүрний нөлөө Европын улс орнуудын түүхэн хөгжилд өнөөдрийг хүртэл мэдрэгдсээр байгааг тэмдэглэж, байлдан дагууллын үеийн хүний амь насны асар их хохирлыг ч дурджээ.

Монголын эзэнт гүрний түүх, соёлын өвийг Европын олон нийтэд таниулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн Берлин хотноо аравдугаар сарын хорин нэгэнд нээлтээ хийж, ирэх оны дөрөвдүгээр сарын арван наймныг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: Германы “Дойче Велле” (DW)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.