Инфляц

Бодлогын хүү

Санал тоолох “хар машин”-ыг хакдах боломжтой юу?

Сонгууль дөхөх бүрд санал тоолох автомат төхөөрөмж буюу “хар машин”-ы найдвартай ажиллагаатай холбоотой мэдээлэл, маргаан цахим орчинд өрнөдөг. Тухайлбал, төхөөрөмжийг флаш диск ашиглан хакдах, программ хангамжийг өөрчлөх, бар кодгүй саналын хуудас ашиглах боломжтой гэх мэдээлэл түгээмэл тархдаг.

Флаш диск ашиглан хакдах боломжтой юу?

2021 онд санал тоолох төхөөрөмжид флаш диск залгаж, хакдах боломжтой гэх бичлэг цахим орчинд өндөр хандалт авч байв. Гэвч ICP төхөөрөмжид бүрэн ажиллагаатай USB оролт байдаггүй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан сонсголын төхөөрөмж залгах оролттой гэж тайлбарлажээ.

Программ хангамжийг өөрчлөх боломжтой юу?

Үйлдвэрлэгч Dominion Voting Systems компани Монголын талаас программ хангамжийг өөрчлөх боломжгүй гэж албан ёсоор хариулсан байна.

2012 онд Сонгуулийн ерөнхий хороотой байгуулсан гэрээгээр программ хангамжийг зөвхөн ашиглах эрх олгожээ. Нууцлалын нөхцөлийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, гэрээг цуцлах зохицуулалттай аж.

Саналын хуудас ямар хамгаалалттай вэ?

Саналын хуудасны бар код нь сонгуулийн хэсгийн хорооны мэдээллийг агуулдаг. Түүнчлэн саналын хуудсыг хуурамчаар үйлдэхээс хамгаалсан олон давхар нууцлалын тэмдэглэгээ ашигладаг байна.

Машины дүнг гараар тоолж баталгаажуулдаг

Сонгуулийн санал тоолох ажиллагаанд хяналтын гар тооллого хийж, төхөөрөмжийн дүнтэй тулгадаг. Энэ үйл ажиллагаанд нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл болон ажиглагчид хяналт тавих эрхтэй.

Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой маргаан олон улсад ч гардаг. Тухайлбал, АНУ-ын Fox News телевиз Dominion компанитай холбоотой худал мэдээллийн маргааныг 787.5 сая ам.долларын төлбөр төлөхөөр тохиролцон шийдвэрлэж байв.

Санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагааг үнэлэхэд программ хангамжийн хамгаалалтаас гадна хяналтын гар тооллого, ажиглагчдын оролцоо, сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдал чухал ач холбогдолтой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.