Инфляц

Бодлогын хүү

Эцэг, эхгүй хүүхэд бүтээх боломж: Шинжлэх ухааны дэвшил үү, ёс зүйн аюул уу?

 

Хүүхэдтэй болохын тулд заавал өндгөн эс гарган авах шаардлагагүй, харин хүний арьсны эсийг ашиглан үр тогтоох боломжтой болбол яах вэ? Үүгээр ч зогсохгүй хүүхдийг эхийн хэвлийд бус, хиймэл умайд өсгөх технологи хөгжиж байна.

Шинжлэх ухааны уран зөгнөл мэт сонсогдох эдгээр технологийг дэлхийн эрдэмтэд судалж байгаа талаар USA TODAY мэдээлжээ.

Арьсны эсээс нөхөн үржихүйн эс гарган авах боломж

1978 онд анхны хүүхэд үр шилжүүлэн суулгах (IVF) аргаар мэндэлснээс хойш нөхөн үржихүйн анагаах ухаан эрчимтэй хөгжсөн. Өдгөө АНУ-д жил бүр 100,000 гаруй хүүхэд IVF технологийн тусламжтай төрж байна.

Харин дараагийн томоохон дэвшил нь in vitro gametogenesis буюу IVG технологи байж магадгүй. Энэ нь хүний арьсны эс зэрэг биеийн эсийг үүдэл эсийн технологиор хувиргаж, улмаар өндгөн эс эсвэл эр бэлгийн эс гарган авахад чиглэсэн судалгаа юм.

Харвардын их сургуулийн профессор Иван Гленн Коэний үзэж буйгаар ирэх 20 жилийн дотор энэ технологийг ашиглан хүний нөхөн үржихүйд шинэ боломж нээж магадгүй. Харин Стэнфордын их сургуулийн профессор Хенри Грили ийм төрлийн эмчилгээ 10 жилийн дотор эмнэлзүйн хэрэглээнд нэвтрэх боломжтой гэжээ.

Хэрэв IVG технологи амжилттай хөгжвөл ижил хүйстэн хосууд донорын оролцоогүйгээр генетикийн холбоотой хүүхэдтэй болох, ганц хүн өөрийн эсээс нөхөн үржихүйн эс гарган авах зэрэг өнөөдөр боломжгүй байгаа хувилбаруудыг судлах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн 2-оос олон хүн нэг хүүхэдтэй генетикийн холбоотой байх боломжийн талаар эрдэмтэд хэлэлцэж эхэлжээ.

Гэхдээ эдгээр нь одоогоор ирээдүйн боломж төдий юм.

Хулганад амжилттай туршсан ч хүний хувьд эрсдэл өндөр байна

IVG технологийг ашиглан хулганаас үр төл гарган авсан туршилтууд амжилттай болсон. Харин хүний хувьд судалгаа үр хөврөлийн шатанд байна.

Орегон мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн судлаач Паула Аматогийн багийн бүтээсэн хүний үр хөврөлд үр тогтсоны дараа зарим хромосом дутагдсан байжээ. Энэ нь технологийн аюулгүй байдлыг хангахад томоохон бэрхшээл байгааг харуулж байна.

Стэнфордын профессор Хенри Грили хулганад амжилттай болсон туршилтыг хүн дээр шууд хэрэглэх боломжгүй, аюулгүй байдлын асуудал асар чухал гэдгийг онцолжээ.

Хүүхдийг хиймэл умайд өсгөх боломж

Эрдэмтдийн судалж буй өөр нэг технологи нь ectogenesis буюу эхийн хэвлийгээс гадуур үр хөврөл, ураг өсгөх арга юм.

АНУ-ын Филадельфийн хүүхдийн эмнэлгийн судлаачид дутуу төрөх үеийн хөгжлийн шатанд байсан хурганы ургийг хиймэл умайтай төстэй төхөөрөмжид үргэлжлүүлэн бойжуулах туршилт хийсэн байна.

Энэ судалгааны үндсэн зорилго нь хэт дутуу төрсөн нярайг амьд үлдэх, эрүүл бойжих боломжийг нэмэгдүүлэхэд оршдог.

Харин хүний үр хөврөлийг эхнээс нь төрөх хүртэл бүрэн хиймэл орчинд өсгөх технологи одоогоор бий болоогүй. Даремын их сургуулийн профессор Элизабет Хлое Романис ийм боломж бүрдэхэд 50 орчим жил шаардлагатай байж магадгүй гэж үзэж байна.

Ирээдүйд энэ технологи жирэмслэх нь эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд шинэ сонголт болж болох юм. Гэвч жирэмслэлт, эх хүний эрх, тээгч эхийн үйлчилгээтэй холбоотой нийгэм, ёс зүйн олон асуулт дагуулж байна.

Хүүхэд бүтээх технологи бизнес болж хувирах уу?

Нөхөн үржихүйн шинэ технологийн хөгжилтэй зэрэгцэн ёс зүй, хууль эрх зүйн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ.

Эрдэмтэд ирээдүйд үр хөврөлийн генийг засварлах технологи хөгжих боломжийг мөн хэлэлцэж байна. Гэхдээ удамшлын өвчнөөс сэргийлэх зорилгоор ген засварлах, хүүхдийн хүссэн шинж чанарыг сонгох нь шинжлэх ухаан болон ёс зүйн хувьд өөр асуудлууд юм.

Жорж Вашингтоны их сургуулийн профессор Соня Сутер нөхөн үржихүйн технологийн томоохон судалгаа, хөгжүүлэлт хувийн хэвшилд төвлөрч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Технологийг бүтээх чадвар болон түүнийг зөв ашиглах ухаан 2 өөр зүйл гэдгийг тэрээр анхааруулсан байна.

Шинэ технологи үргүйдэлтэй олон хүнд эцэг, эх болох боломж олгож болох ч хүүхдийн эрх, аюулгүй байдал, генетикийн тэгш бус байдал, арилжааны ашиг сонирхлын талаар шинэ маргаан үүсгэж болзошгүй.

Өнөөдөр хүний арьсны эсээс хүүхэд төрүүлэх, үр хөврөлийг бүрэн хиймэл умайд өсгөх технологи эмнэлзүйн хэрэглээнд нэвтрээгүй байна. Гэхдээ эдгээр судалгаа амжилттай хөгжвөл ирээдүйд хүүхэдтэй болох арга зам төдийгүй гэр бүл, эцэг эх байх тухай ойлголтыг ч өөрчилж мэдэх юм.

Эх сурвалж: USA TODAY

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.