
Завхан аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд нэн ховор хонин арцыг хууль бусаар түүж, бэлтгэсэн найман хэргийг шүүхээр шийдвэрлэж, нийт 1,086 кг арц хураан авчээ.
Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд учирсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Отгонтэнгэр хайрханы 15 шуудай хонин арцыг хууль бусаар түүж, тээвэрлэсэн иргэнийг хоёр жилээр тэнсэж, 153.2 сая төгрөг төлүүлэхээр болжээ. Мөн түүний автомашиныг улсын орлого болгох шийдвэр гаргасан аж.
Прокурорын байгууллага улсын хэмжээнд сүүлийн таван жилд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 327 гэмт хэрэгт хяналт тавьсан бөгөөд энэ төрлийн хэрэг Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймагт зонхилон бүртгэгджээ.
Хуулиар ховор, нэн ховор ургамлыг хууль бусаар түүсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах боломжтой. Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж төлүүлэх зохицуулалттай байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)