Инфляц

Бодлогын хүү

Засгийн газрын хуралдаан: Эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын аравдугаар сарын 7-ны ээлжит хуралдаанаар экспортын тээврийг нэмэгдүүлэх, зарим боомтоор импортлох шатахууны гаалийн татварыг тэглэх, томуугаар өвдсөн хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны үеэр танилцуулснаар Монгол Улсын экспортын орлого 2026 оны эхний есөн сард 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсжээ. Үүний үр дүнд гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөн Засгийн газраас Замын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортлох АИ-92 автобензин болон дизелийн түлшний гаалийн татварыг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оныг дуустал тэглэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2026 оны арван нэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сар хүртэл томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсвэл цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагуудад даалгасан байна. Хувийн хэвшлийн ажил олгогчдод мөн ийм зохицуулалт хэрэгжүүлэхийг уриалжээ.

Үүнээс гадна ямааны годрон өвчний эсрэг 1.5 сая тун вакцин үйлдвэрлэхэд 1.5 тэрбум, Хөвсгөл дулааны станцын их засварт гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Батбаярын Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.