
Хүүхдийн хөл, тавхайн төрөлхийн согог нь алхах, гүйх, өдөр тутмын хөдөлгөөн хийхэд хүндрэл учруулдаг. Зарим тохиолдолд мэс заслын нарийн эмчилгээ шаардлагатай болдог. Ийм төрлийн хүнд согогийг Монгол Улсад эмчлэх чадавхыг сайжруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) эмч нар Японы Шагай, тавхайн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ.
Хамтарсан үзлэгт 18 хүртэлх насны 10 хүүхдийг хамруулж, хөл, тавхайн яс, үе мөчний бүтэц болон хөдөлгөөнийг нарийвчлан үнэлсэн байна. Үүнээс хүнд хэлбэрийн согогтой 4 хүүхдэд мэс засал хийжээ.

Мэс засалд хамрагдсан хүүхдүүд төрөлхийн хөл, тавхайн ясны хөгжлийн эмгэг, булчингийн татанхай саажилт, эрхий хурууны хазайлт, хүнд хэлбэрийн хавтгай тавхай болон шилбэний ясны хэвийн бус хөгжил зэрэг оноштой байв.
Японы мэргэжилтнүүд мөн Монголын эмч нарт хүүхдийн тавхайн согогийг оношлох, мэс заслын эмчилгээ төлөвлөх, хагалгааны дараах хяналт болон нөхөн сэргээх эмчилгээний талаар сургалт зохион байгуулсан байна.
Монголын эмч нар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, нарийн төвөгтэй согогийг эмчлэх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж байна. Ингэснээр цаашид хүүхдүүдэд эх орондоо нарийн мэргэжлийн тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, гадаадад эмчлүүлэх шаардлагыг зарим тохиолдолд бууруулах нөхцөл бүрдэх боломжтой.
Эх сурвалж: МОНЦАМЭ, 2026.11.06.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)