Инфляц

Бодлогын хүү

“Чин зүрхний дэлбээ” таныг дотоод ертөнцөөрөө аялахыг урьж байна

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Алтан гадас одонт зураач Я.Булган, СТА, зураач Ө.Бархүү нарын хамтарсан “Чин зүрхний дэлбээ” уран зургийн үзэсгэлэн  10 дугаар сарын 24-нд Монголын Урчуудын Эвлэлийн галерейд нээлтээ хийлээ.

Хүн өдөр тутмын амьдралын хэмнэлд автаж, өөрийн дотоод мэдрэмж, хүсэл тэмүүлэл, байгаль дэлхийтэйгээ холбоотой орших мөн чанараа анзаарахгүй өнгөрүүлэх нь бий. Тэгвэл энэхүү үзэсгэлэн үзэгчдийг амьдралын завгүй хэмнэлээс түр холдож, өөрийн сэтгэл зүрхийг чагнан, ертөнцийг хүүхэд насных шигээ гэгээн, тунгалаг мэдрэмжээр харахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн гол үзэл санаа нь хүн бол байгаль, тэнгэр газар, хязгааргүй огторгуйн ертөнцөөс ангид бус, харин түүний салшгүй нэг хэсэг гэсэн ойлголтод тулгуурлажээ. Уран бүтээлчид хүний дотоод сэтгэлд орших “тэнгэрийн цэцэг”-ийг дэлбээлүүлэх бэлгэдлээр дамжуулан амьдралын баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө, өөрийгөө танин мэдэх үйл явцыг дүрслэхийг зорьсон байна.

Тус үзэсгэлэнд тосон болон усан будгийн уран зураг, зураасан зургийн 50 орчим бүтээл дэлгэгджээ. Бүтээлүүдийг зөвхөн үзэж сонирхохоос гадна тайван хөгжмийн аялгуунд тухлан сууж, өөрийн бодол мэдрэмжээ эргэцүүлэх боломжтой орчныг бүрдүүлсэн нь үзэсгэлэнгийн нэг онцлог юм.

Уран бүтээлчдийн тухай

Зураач Я.Булган нь Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Алтан гадас одонт уран бүтээлч бөгөөд 32 жилийн түүхтэй, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирлаар ажилладаг.

Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид сонгодог дүрслэх урлагийн чиглэлээр суралцжээ. Улмаар Монголын орчин үеийн дүрслэх урлаг, модернист чиг хандлагыг өөрийн уран бүтээлд тусган, өвөрмөц өнгө төрх, дүрслэлийн арга барилаа хөгжүүлсэн уран бүтээлч юм.

Харин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ө.Бархүү нь “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш бөгөөд орчин үеийн дүрслэх урлагийн салбарт өөрийн бүтээл, уран сайхны эрэл хайгуул, арга барилаар хувь нэмрээ оруулж байна.

Хоёр уран бүтээлчийн хамтарсан энэхүү үзэсгэлэн нь хүний сэтгэл хөдлөл, дурсамж, байгальтайгаа нэгдэн орших мэдрэмжийг өөр өөрийн дүрслэлийн хэлээр илэрхийлж буйгаараа онцлогтой.

 

  • Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 24–31

  • Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00–18:00

  • Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн галерей, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн урд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.