Одон орон судлаачид манай Нарны аймгийн гадна орших *Beta Pictoris b*хэмээх аварга гарагаас давтагдах радио долгионыг шууд илрүүлжээ. Энэ нь тухайн гараг хүчтэй соронзон оронтой байгааг нотлох чухал ажиглалт болсон байна.
Дэлхийгээс ойролцоогоор 63 гэрлийн жилийн зайд орших Beta Pictoris b нь Бархасбадийнхаас ойролцоогоор 12 дахин их масстай аварга гараг аж. Судалгааны багийг Харвардын их сургуулийн одон орон судлаач Эдо Бергер ахалсан байна.
Харин уг радио дохио нь харь гарагийн ухаант амьдралын илрэл биш гэдгийг эрдэмтэд онцолжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ нь гарагийн хүчтэй соронзон орон болон түүнтэй холбоотой туйлын туяаны радио цацраг юм.
Өндөр энергитэй цэнэгт бөөмс гарагийн соронзон орны нөлөөгөөр хөдөлж, радио долгион үүсгэдэг бөгөөд үүнтэй төстэй үзэгдэл Дэлхий болон Бархасбадь дээр ч ажиглагддаг байна.
Судалгааны урьдчилсан тооцоогоор Beta Pictoris b-ийн соронзон орон Бархасбадийнхаас дор хаяж 200 дахин хүчтэй байж болзошгүй аж. Соронзон орон нь гарагийг сансрын өндөр энергитэй бөөмсөөс хамгаалах чухал үүрэгтэй.
Дэлхийн хувьд энэ хамгаалалт нь Нарнаас ирэх цэнэгт бөөмсийн урсгал буюу нарны салхины нөлөөг сааруулж, агаар мандлыг хамгаалдаг. Ийнхүү алс холын экзогарагийн радио цацрагийг шууд илрүүлсэн нь түүний соронзон орчин, бүтэц болон гараг үүсэх үйл явцыг судлах шинэ боломж нээж байна. Эх сурвалж: CNN World
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)