
Дэлхийн хамгийн олон дагагчтай шашин болох христийн шашныг 2035 он гэхэд исламын шашинтнуудын тоо гүйцэж түрүүлэх төлөвтэй байгааг АНУ-ын Pew Research Center судалгааны байгууллага мэдээлжээ.
2020 онд дэлхий даяар 2.27 тэрбум христийн шашинтан, 2.02 тэрбум исламын шашинтан байсан бол 2035 онд исламын шашинтнууд 2.57 тэрбум, христийн шашинтнууд 2.52 тэрбумд хүрэхээр байна.
Энэ өөрчлөлтийн гол шалтгаан нь төрөлтийн түвшний ялгаа юм. 2020–2025 онд исламын шашинтай эмэгтэйчүүд дунджаар 3.1, христийн шашинтай эмэгтэйчүүд 2.5 хүүхэд төрүүлсэн бол бусад шашны бүлгийн эмэгтэйчүүдийн дундаж 1.6 байжээ.
Одоогийн чиг хандлага үргэлжилбэл 2070 он гэхэд исламын шашинтнуудын тоо 3.6 тэрбумыг давж, христийн шашинтнуудын тоо 3 тэрбумд хүрэхгүй байх төлөвтэй байна.
Мөн Европын хүн ам 17 хувиар буурч, христийн шашинтнуудын тоо 505 саяас 324 сая болж цөөрөх бол исламын шашинтнуудын эзлэх хувь 6-аас 13 хувь болж өсөхөөр тооцжээ.
Судалгаагаар 2070 он гэхэд Пакистан улс исламын шашинтнуудын тоогоор дэлхийд тэргүүлж, Энэтхэг, Нигери, Индонез улс удаалах төлөвтэй байна. Харин дэлхийн христийн шашинтнуудын талаас илүү хувь нь Африкийн Сахарын цөлөөс өмнөд бүс нутагт амьдрах аж.
Түүнчлэн АНУ-д христийн шашинтнууд хүн амын олонх байхаа болих ч хамгийн том шашны бүлэг хэвээр үлдэхээр байна.
Pew Research Center-ийн судлаачдын тайлбарласнаар исламын шашинтнуудын тоо өсөж байгаа нь хүмүүс христийн шашнаас исламд олноор шилжиж байгаатай холбоогүй. Харин шашны бүлгүүдийн насны бүтэц, төрөлт болон хүн амын өсөлтийн ялгаанаас голчлон шалтгаалж байгаа юм.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)