Инфляц

Бодлогын хүү

Хүүхдийн эсрэг нуугдмал бэлгийн хүчирхийллийг илрүүлэх ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлжээ

Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Нуугдмал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлжээ.

Цагдаагийн дэд хурандаа Д.Будзааны мэдээлснээр уг арга хэмжээний хүрээнд өмнө нь илрээгүй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг нөхөн илрүүлэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Тэрбээр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гэр бүлийн болон ахуйн хүрээнд олон жилийн турш үргэлжлэх тохиолдол байдгийг онцолжээ. Хохирогч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхшээл, дарамтад байдаг учраас цагдаагийн байгууллагад мэдээлж чадалгүй, удаан хугацаанд хохирсоор үлдэх эрсдэлтэй байна.

Мөн сүүлийн үед цахим орчинд охид, хөвгүүдийг урхидан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байгааг анхаарууллаа. Өсвөр насныхан хаана хандахаа мэдэхгүй байх, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дарамтаас айх зэргээс шалтгаалан эдгээр хэрэг нуугдмал үлдэх нь бий.

“Нуугдмал” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулиуд болон эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл цуглуулах, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх сургалт явуулна.

Түүнчлэн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэлтэй болсон иргэн, байгууллага холбогдох хуульд заасан үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллагад мэдээлэх шаардлагатайг сануулжээ.

Эх сурвалж: Цагдаагийн байгууллага, цагдаагийн дэд хурандаа Д.Будзааны мэдээлэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.