
Францад боловсролын салбарын нөхцөл байдал, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хүчирхийлэл дэгдэж, сүүлийн жилүүдэд үзэгдээгүй ноцтой үймээн самууны нэг боллоо. Үүнтэй холбогдуулан Парис болон бусад хотын зарим хэсэгт шөнийн хөл хорио тогтоожээ.
10 дугаар сарын 17-нд Франц даяар 500 мянга гаруй хүн жагссан байна. Дийлэнх жагсагчдын тайван жагссан ч зарим хотод цагдаа нартай мөргөлдөж, дэлгүүрүүдийг тонож, барилга байгууламжид гал тавьсан хэрэг гарчээ.
Үймээн самууны улмаас 2400 гаруй хүнийг баривчилж, олон зуун хүн гэмтсэн байна. Мөн хүний амь нас эрсэдсэн тухай ч мэдээлжээ.
Парист дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, гал тавьсан бол Лион хотын аялал жуулчлалын албаны байр шатжээ. Харин Лимож хотод 143 жилийн түүхтэй хотын захиргааны барилга галд өртөж, цамхаг нь нурсан байна.
Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню зарим хотын тодорхой бүсэд шөнийн хөл хорио тогтоохыг дэмжжээ. Мөн Ницца болон хойд бүсийн хэд хэдэн хотод насанд хүрээгүй хүүхдүүдийн шөнийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн 9 дүгээр сард Парисын захын нэгэн сургуулийн сурагчид, багш нар боловсон хүчин, сургалтын нөөцийг нэмэгдүүлэхийг шаардсанаар эхэлсэн байна. Улмаар боловсролын салбарын асуудлаас хальж, шатахууны үнэ, амьжиргааны өртөг, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн өргөн хүрээний хөдөлгөөн болжээ.
Ерөнхийлөгч Макрон хүчирхийлэл үйлдэж, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Үүний зэрэгцээ иргэдийн шаардлагыг сонсож, тодорхой шийдэл боловсруулах уулзалтууд хийхээ амласан байна.
Францын жагсаалтай зэрэгцэн Европын бусад улсад ч амьжиргааны өртөг, боловсрол, орон сууцны асуудал болон авлигыг эсэргүүцсэн жагсаалууд болж байна. Италийн Милан хотод хоёр шөнө дараалан мөргөлдөөн гарч, 32 хүнийг баривчилсан байна.
Францад үүссэн нөхцөл байдал нь 2027 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн орчинд нөлөөлж болзошгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)