.png)
Чингис хааны байлдан дагуулалтыг аймшигт, догшин харгислалтай холбон ойлгосоор ирсэн ч энэхүү явдал нь түүний байгуулсан эзэнт гүрний өөр нэг талыг орхигдуулсаар ирэхэд хүргэжээ. Мэттью Симондс Мари Фавротой дэлгэрэнгүй ярилцлаа.
Монголын эзэнт гүрэн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн нутаг дэвсгэртэй эзэнт гүрэн болон бүрэлдсэн билээ. Үүнийг Чингис хаан байгуулсан бөгөөд түүнийг торгон дээр зурсан хөрөгт дүрсэлжээ.
Тэмүүжинг бага балчирт буюу XII зууны хоёрдугаар хагаст түүний эцэг бусдын гарт амь үрэгдэв. Үүнээс болон түүний гэр бүл нь хүнд нөхцөлд үлджээ. Тэмүжин гэдэг нэр нь “дархан” гэсэн утгатай холбогддог боловч тэрээр суурин амьдралтай төмөрлөгчдийн олон үе дамжсан удмын хүн байсангүй. Харин энэ нэр нь тал нутгийн нүүдэлчин овог аймгуудын дунд төмрийн ач холбогдол, мөн түүнийг боловсруулах чадвар ямар чухал байсныг илэрхийлж байв. Түүний эцэг эдгээр бүлгүүдэд нэр нөлөө бүхий тэргүүлэгч байсан боловч таалал төгссөнийх нь хойчоос амьдралын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж эхлэв. Тэмүүжин эцгийнхээ байр суурийг залгамжлахад хэтэрхий залуу байсан мөн гэр бүлийг нь овог аймаг нь гадуурхаж, ядуу тарчиг нөхцөлд оруулжээ. Хатуу ширүүн нүүдэлчдийн ертөнцөд энэ бол туйлын эмгэнэлтэй хувь тавилан бөгөөд асар их зовлон зүдгүүрийг авчирч байв.Ийм нөхцөлд орсон ч Тэмүүжин бол ухаалаг, эрэлхэг самбаатай хүү байлаа: Эцгийг нь амьд ахуйд тохирсон ч хожим амжилттай хэрэгжүүлсэн гэрлэлт, мөн хэзээ холбоо тогтоож, хэзээ таслахаа мэддэг авхаалж нь түүнийг эцгийнхээ хүрснээс ч хавьгүй өндөрт гарахад тусалжээ. 1206 онд Тэмүүжинийг бүхий л Монголын овог аймгууд нэгдэн эзэн хаанаар өргөмжилж, түүхэнд мөнхөрсөн Чингис хаан хэмээх цолыг хүртээсэн юм.
Тухайн үед Чингис хаан хэдийнэ 40 гарсан байсан бөгөөд энэ нь тухайн үеийн нүүдэлчдийн хувьд өндөр насанд тооцогддог байсан хэдий ч эзэн хаан болсон нь түүний үйл хэргийн төгсгөл байсангүй. Тэрээр Умард Хятад болон Төв Азид гайхалтай аян дайн хийж, нутаг дэвсгэрээ тэлж эхэлжээ.Түүний байгуулсан эзэнт гүрэн 1227 онд нас барсных нь дараа ч өсөн тэлсээр байв. Хамгийн өргөн нутаг дэвсгэр буюу 1279 онд Монголын эзэнт гүрэн Японы тэнгисээс Зүүн Европ хүртэл сунаж, дэлхийн хуурай газрын нийт талбайн ойролцоогоор 22 хувийг эзэлж байлаа. Үүний олон чухал үр дагаврын нэг нь Өрнө, Дорно урьд өмнө байгаагүйгээр холбогдсон явдал байв.Европын аялагчид, худалдаачид, тэр дундаа хамгийн алдартай нь Марко Поло,Монголын эзэнт гүрэнд татагдан ирж байсан төдийгүй Монголын нөлөө хил хязгаараасаа хол алслагдсан нутгуудад ч мэдрэгдэж байв. Жишээлбэл, Италийн уран зургууд Азийн төрхтэй хүмүүсийг дүрслэх болсон байна. Балчир наснаас хэцүү бэрхийг давсан хүү дэлхий ертөнцийг өөрчилсөн агуу өвийг үлдээсэн гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм.
Өнөө үед Чингис хааныг ихэвчлэн цусанд шунасан удирдагч, түүний цэргүүдийг хэмжээлшгүй их аллага, харгислал үйлдсэн хүч гэж үздэг. Тэрээр замд нь таарсан хотуудад “бууж өг, эсвэл үх” гэсэн энгийн шаардлага тавьдаг байсан гэх домог, яриагаараа алдартай. Гэвч Монголын эзэнт гүрэн зөвхөн хүчирхийлэлд тулгуурлаагүйг Лидс хотын Зэвсгийн музейд гарч буй сонирхолтой шинэ үзэсгэлэнд дэлгэн харуулсан олон гайхамшигт олдвор нотолж байна. “Genghis Khan: how the Mongols changed the world” буюу “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” нүүдэлчдийн амьдрал, эзэнт гүрний захиргаа, эмэгтэйчүүдийн үүрэг, шашны бодлого, гар урлал ба технологи, дайн байлдаан зэрэг өргөн хүрээний сэдвийг хамруулан Монголчуудын бүтээсэн зүйлийн талаарх ойлголтыг өргөжүүлж байна. Монголчуудыг харгис хэрцгий хэмээн үзэх давамгайлсан нь тэдний эзэнт гүрний нөгөө талыг халхалсаар иржээ. Монголын эзэнт гүрэн нь шашны хүлцэлцэнгүй байдал, технологи болон урлагийн шинэчлэл, соёлын харилцан солилцоо, гавъяа шагналд тохирсон урамшуулал зэргийг хэрхэн бүрэлдүүлж байсныг харуулжээ. Мөн дэлхийд урьд өмнө байгаагүй өргөн уудам газар нутгийг хамарсан эзэнт гүрнийг эдгээр нүүдэлчид хэрхэн байгуулж чадсан тухай үзэсгэлэнгээр харуулав.
Энэхүү Монгол загварын эмээлээс талын нүүдэлчдийн амьдралд морь ямар ач холбогдолтой байсныг харж болно. Суухад тухтай, хэрэгслэхэд авсаархан байдлаар загварчилжээ.
ТАСРАЛТГҮЙ ДАСАН ЗОХИЦОЖ ИРСЭН НЬ
«Нүүдэлчид шиг шилжин суурьшдаг бүлэг хүмүүсийн амьдралаас хүний нийгэм цаг агаар, хүрээлэн буй орчны хувьсал өөрчлөлтийг хэрхэн ойлгож, тэдгээртэй хөл нийлүүлэн зохицон амьдарч чаддагийг харж болно» хэмээн үзэсгэлэнгийн куратор бөгөөд Нант хотын Түүхийн музейн куратор Мари Фаверо үздэг. «Тэдний хувьд энэ нь зогсолтгүй дасан зохицох үйл явц юм. Тал нутгийн нүүдэлчид дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт амьдардаг тул маш хүйтэн бүсэд тооцогдоно. Хойд хэсэгт амьдардаг нүүдэлчдийн хувьд хүйтэн бүс нутгаар нутагладаг. Монголд очвол өвлийн улиралд −40°C хүрч болно, зуны температур халуун бөгөөд 30°C-ээс давдаг учраас жилийн турш температурын хэлбэлзэл асар их байдаг. Монголчуудын хувьд хамтдаа нүүж сууж явсан өрх гэрүүдийн хэмжээ жижиг бөгөөд гэр бүл, мал адил, гэр гэх мэт зүйлсээс бүрдэж байв. Энэ нь гэр бүл яагаад тийм чухал байсны нэг шалтгаан бөгөөд тэд үнэхээр л хамтдаа амьдарч байсанд оршино. Эдгээр бүлгүүд газрыг муутган, бэлчээрийг доройтуулахгүйн тулд тогтмол нүүдэллэдэг байсан юм. Нэг газраа ердөө нэг сар байхад ч бэлчээрийг талхлах эрсдэлтэй. Монголчууд эргэн тойрон дахь байгалийн нөөц баялаг болон түүнийг хэрхэн зохистой ашиглах талаар маш сайн мэддэг байсан.»
« Өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай бүхий л зүйл нүүдлийн амьдралын хэв маягт нарийн тохируулан бүтээгддэг. Морь бол монголчуудын тээврээс гадна дайн тулааны хамгийн чухал хүлэг байсан бөгөөд, монголчууд тэмээ, хонь, ямаа зэрэг олон төрлийн мал сүрэгтэй хамт нүүдэллэдэг байжээ Гүүний исгэсэн сүү болох айраг-ийг хавар, зуны улиралуудад, улирлын чанартайгаар бэлтгэдэг байв. Энэ нь нүүдэлчдийн хоол хүнсний гол цөм байсан бөгөөд өнөөдөр ч Монголд хийсээр байна. Айраг нь бага хэмжээний градустай согтууруулах ундаа тул цэвэр усны нөөц ховор газруудад уснаас хавьгүй аюулгүй ундаа болдог байв. Тиймээс айраг исгэж, уух нь амьд үлдэх нэгэн арга ухаан байжээ. Айрагтай холбоотой бас нэг сонирхолтой зүйл нь зарим хүн лактозын боловсруулалт муутай холбоотой сүү ууж чаддаггүй боловч айраг нь исгэлтийн явцын улмаас биед шингэх боломжтой болдог явдал юм.
Торгон дээл нь хэргэм зэрэг өндөр бүхий хүмүүсийн өмсгөл байсан бөгөөд НТ-ын XIII-XIV зуунд хамаарна.
“Жилийн турш температурын хэлбэлзэл нь хувцас хэрэглэлийг маш чухалд тооцоход хүргэдэг байв. Өвөлдөө булга, нэхий дээл өмсдөг байсан бол торгон эдлэл нь халуун болон хүйтэн аливаа нөхцөлд тохиромжтой байдаг. Мөн эрэгтэй, эмэгтэй, хүүхэдгүй өмсөж болох нөмрөг мэт загвартай дээл хэмээх хувцас хэрэглэдэг байсан нь одоо ч бий. Дээл нь цээж уужим, ууц талбиун бөгөөд бүс бүсэлж өмсдөг. Чөлөөтэй хөдөлж болохоор зохион бүтээгдсэн тул гүйж, ажиллаж, морь унахад тохиромжтой. Тэдний гэр орон ч мөн нүүдэлчин амьдралын хэв маягт маш сайн зохицсон байв. Гэр нь дугуй хэлбэртэй, цагаан эсгийгээр хийгддэг бөгөөд монголчууд үүнийг гэр, харин түрэг хэлтнүүд болон баруун дахинд юрт гэж нэрлэдэг. Нүүдэлчдийн тухай төсөөлөхөд хамгийн эхэнд тэднийг гэр сууцгүй хүмүүс гэж боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ огт өөр юм. Тэд бол өөрсдөө гэр сууцтай бөгөөд түүндээ ч дуртай, түүнийгээ хаа ч явсан авч явж, зөөвөрлөж чаддаг хүмүүс юм.Тиймээс хаашаа ч очсон тэд үргэлж гэртээ байдаг.”
Өвөл нь Монголчуудын хамгийн тогтмол нүүдэллэдэг үе байв. Тэдний хоол хүнс хатуу ширүүн нөхцлийг даван туулахад дэмтэй ч мал амьтад цасан дороос бэлчээр олоход хүндрэлтэй байв. Энэ нь бэлчээрийн ургамал хурдан муудахад хүргэдэг байсан тул ойр ойрхон нүүх шаардлагатай болдог байжээ. Тасхийм хүйтэн цаг агаар нь гол мөрнийг хөлдөөж, замаа товчлон явахад хялбар болгох замаар нүүдэлчдэд тусалдаг байв. Барууны үзэл бодлоос авч үзвэл, өвөл бол Монголчуудын дайн тулаан хийдэг үе байжээ. Тэдний энэхүү зорилго нь нүүдэлчин амьдралын хэв маягийг байгалийн циклтэй хэрхэн хамгийн үр дүнтэй зохицуулж байсантай холбоотой юм. Энэ тохиолдолд хавар, зуны саруудад сүрэг мал төллөж, тэднийг бага нүүлгэх нь маш ашигтай байв. Төл бойжиж байх үед мал саах, айраг исгэх ажил хийгддэг байжээ. Жилийн энэ хэсэгт улс төрийн амьдрал ч мөн өрнөдөг байв. Монголчуудын дунд, бидэнтэй л адил,цуглан хэлэлцүүлэг хийдэг байв. Нүүдэлчдийн бүх язгууртнууд цуглан “хуралдай” хэмээх чуулганд цугладаг байв. Ойролцоо хот байсан ч энэхүү цуглаан үргэлж тал нутагт болдог байсан бөгөөд томоохон шийдвэр гаргах, шүүх цааз явуулах индэрийн үүргийг гүйцэтгэдэг байв.
Нийт сэтгэгдэл (0)