
БНТУ-ын Үндэсний боловсролын академийн Истанбул дахь Сургалт, хөгжлийн төвд “Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-II” боллоо.
Тус хуралд АНУ, Австрали, Швед, Герман, Турк, Бельги, Чех, Швейцар, Испани, Япон, БНСУ зэрэг улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, холбоо, сургалтын төвүүдийн багш нар ирж оролжээ. Мөн Монгол улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС-ийн эрдэмтэн судлаач зэрэг 60 орчим төлөөлөгч оролцож, монгол хэл, соёлын сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв.
Монгол хэл, соёлын багш нарын зөвлөгөөнд оролцсон 11 улсаас БНСУ, Австрали, АНУ-д хамгийн олон монгол иргэн амьдарч байна. Тухайлбал, БНСУ-д 40,000 орчим, Австралид 27,000 гаруй, АНУ-д 19,000 орчим монгол иргэн оршин суудаг гэсэн тооцоо бий. Гадаадад өсөж буй монгол хүүхдүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр эх хэл, соёлоо өвлүүлэх сургалтын хэрэгцээ ч чухал болж байна.
Ингэснээр оролцогчид хилийн чанадад өсөж буй монгол хүүхдүүдийн хэл соёлын боловсролын талаарх судалгааг өргөжүүлэх, олон хэлний орчинд монгол хэл заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцсон байна.
Хурлаар хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны өгүүллийг БСҮХ-ийн "Боловсролын судалгааны Монголын сэтгүүл"-д тусгай дугаар болгон хэвлэх аж. Мөн дээрх эрдэм шинжилгээний хурлын үеэр тус ЕКГ-ын дэмжлэгтэй Истанбул хотод үйл ажиллагаа явуулж буй "Монгол хүүхдүүдэд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын төв"-д монгол хэлний дөрвөн чадварыг хөгжүүлэх хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)