Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн дөрвөн хүн тутмын нэг нь зургаан сараас дээш хугацаагаар эмчлүүлдэг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урт хугацааны хэвтэн эмчлүүлэх тогтолцооноос иргэдийн амьдарч буй орчинд үзүүлдэг хэлбэрт шилжүүлэх шинэ зөвлөмж гаргажээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 28 хувь нь зургаан сараас дээш хугацаагаар эмнэлэгт байдаг. Зарим хүн олон жил, бүр хэдэн арван жилийн турш тусгаарлагдан амьдарч байгаа бөгөөд тэдний бараг тал хувь нь өөрийн хүсэлтээр бус, албадан байршуулсан хүмүүс аж.
ДЭМБ-ын судалгаанд хамрагдсан улс орнуудын ердөө есөн хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн амьдрах орчинд түшиглэсэн тогтолцоонд бүрэн шилжүүлжээ. Харин 53 хувь нь шинэчлэлийн эхний шатандаа явж байна.
Шинэ зөвлөмжөөр эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх явдлыг бууруулж, өвчтөнүүдийг гэр бүл, нийгмийн амьдралд эргэн нэгтгэхийг зорьжээ. Үүний тулд эмчилгээний зэрэгцээ орон байр, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолсон байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авахын тулд хүн эрх чөлөө, нэр төр, нийгэмд эзлэх байр сууриа алдах ёсгүй хэмээн мэдэгджээ.
Тус байгууллага 10 дугаар сарын 10-ны Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан тусламж үйлчилгээний шинэчлэлд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг биеэр туулсан хүмүүсийн санал, туршлагыг тусгахыг улс орнуудад уриалсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)