Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орнууд экспортын зарим бараа, бүтээгдэхүүндээ хориг тавьлаа.
Тухайлбал, Украинд дайны улмаас зам, дэд бүтэц сүйрч, байлдааны бүсүүдэд тээвэр хийх боломжгүй болсон. Тиймээс тус улсад зах, худалдааны төвүүд хүнсний хомсдолд орж, Украины Засгийн газар хүнсний хомсдол нүүрлэх эрсдэлтэй байгаа тул зарим бүтээгдэхүүний экспортыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Жагсаалтад эхний ээлжинд мах, хөх тариа, овьёос, гурвалжин будаа, шар будаа, элсэн чихэр болон давсыг багтаажээ. Харин улаан буудай, эрдэнэ шиш, шувууны мах, өндөг, ургамлын тосыг зөвхөн Эдийн засгийн яамны зөвшөөрлөөр экспортлох гэнэ.
Тэгвэл нөгөө талд буюу ОХУ ч дээрхтэй ижил, төстэй арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын түвшинд АНУ болон Европын холбооноос ОХУ-д олон хориг тавьж, тус улсад үйл ажиллагаа эрхэлж байсан дэлхийн брендүүд ч гарч байгаа зэрэг нь эдийн засгийн хүнд байдалд шилжих магадлалтайг нь анхааруулсаар байгаа хэрэг.
Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг 2022 оны турш хориглох захирамж гаргасан байна.
Захирамжид “ОХУ-ын Засгийн газрын гаргасан жагсаалтын дагуу зарим бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилгоор 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл эдийн засгийн тусгай арга хэмжээ авах” тухай дурдсан аж.
Мөн энэхүү арга хэмжээнд багтах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар хоёр долоо хоногийн дотор танилцуулахаар болоод байна. Түүнчлэн одоогоор импорт-экспортын хориг ОХУ-ын иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авсан бараа бүтээгдэхүүн, түүхий эдэд хамаарахгүй гэж байгаа аж.
Нийт сэтгэгдэл (0)