Инфляц

Бодлогын хүү

Саудын Араб хөрөнгө оруулалтын томоохон чуулганаа цуцаллаа

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод энэ сарын 26-29-нд зохион байгуулахаар төлөвлөсөн олон улсын хөрөнгө оруулалтын томоохон чуулганыг 2027 он хүртэл хойшлуулжээ. Йемений Хусит зэвсэгт хөдөлгөөний удаа дараагийн халдлагын улмаас аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсан нь уг шийдвэрийн гол шалтгаан болсон талаар CNN мэдээллээ.

“Цөлийн Давос” хэмээн нэрлэдэг Future Investment Initiative (FII) нь дэлхийн санхүү, бизнесийн салбарын тэргүүлэгчид цугладаг, Саудын Арабын жил тутмын томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн чуулганд JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон, Citigroup-ийн Жэйн Фрейзер, Goldman Sachs-ийн Дэвид Соломон, BlackRock-ийн Ларри Финк зэрэг дэлхийн санхүүгийн томоохон байгууллагын удирдлагууд оролцохоор төлөвлөж байжээ.

Хуситууд гэж хэн бэ?

Хуситууд нь Йемен улсын хойд хэсэгт үүссэн, Ираны дэмжлэгтэй улс төр, зэвсэгт хөдөлгөөн юм. Албан ёсны нэр нь “Ансар Аллах” бөгөөд исламын шашны шийтийн Зейди урсгалтай холбоотой. Тус хөдөлгөөнийг Абдул-Малик аль-Хуси удирддаг.

Хуситууд 2014 онд Йемений нийслэл Сана хотыг эзлэн авч, өнөөг хүртэл тус улсын хойд болон баруун хэсгийн томоохон газар нутгийг хянаж байна.

2015 онд Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжин дайнд оролцсоноор хоёр талын зэвсэгт мөргөлдөөн эрчимжжээ. Үүнээс хойш Хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэрт пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжөөр халдаж ирсэн.

Сүүлийн долоо хоногуудад Хуситууд Саудын Арабын нисэх буудал, эрчим хүчний байгууламж болон стратегийн ач холбогдолтой объектуудад удаа дараа халдсан байна. Тухайлбал, 10 дугаар сарын эхээр Эр-Риядын Хаан Халидын олон улсын нисэх буудалд пуужингийн цохилт өгч, хүний амь эрсэджээ.

Үүний улмаас зарим улс Саудын Араб руу зорчих иргэддээ аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргасан байна.

Чуулганыг зохион байгуулагч FII хүрээлэнгээс 10 дахь удаагийн арга хэмжээг төлөвлөсөн цар хүрээ, чанартай зохион байгуулахын тулд хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Шинэ товыг удахгүй зарлах бөгөөд оролцогчдын бүртгэл, түншлэлийн гэрээнүүд хүчинтэй хэвээр үлдэх юм.

Саудын Араб газрын тос, байгалийн хийн орлогоос хамаарах эдийн засгаа төрөлжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж байгаа. Гэвч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал муудаж, олон улсын томоохон чуулган хойшилсон нь тус улсын хөрөнгө оруулалтын орчин төдийгүй Ойрх Дорнодын эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.