Инфляц

Бодлогын хүү

УЕПГ: Хувийн орон зайд бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ

Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн зөрчил 2026 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахгүйгээр, 2025 оны бүтэн жилийн 11 тохиолдлоос 17 болж, 54 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

“Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн мэдээллээр зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс болон дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой нийт 53 зөрчилд сүүлийн хоёр жилийн хугацаанд шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, 2025 онд 26 зөрчилд 24 хүн, хоёр хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан бол 2026 оны эхний есөн сард 27 зөрчилд 21 хүн, зургаан хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийг бусдад үзүүлсэн, эсвэл хуулбарлаж өгсөн зөрчил 2025 онд тав бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сард 10 болж нэмэгдсэн байна.

Мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд болон гаднаас нь орон байрны доторх орчны зураг, бичлэг хийсэн есөн зөрчил, нийтийн зориулалттай орон сууцны айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан бичлэгийн төхөөрөмж байршуулсан нэг зөрчилд тус тус шийтгэл оногдуулжээ.

Хуульд “хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил”-д ариун цэврийн болон хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке болон зочид буудлын өрөө, эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх өрөөг хамруулан тодорхойлсон байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд зааснаар ийм байршилд бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 800 нэгж, хуулийн этгээдийг 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

УЕПГ-аас иргэдэд бусдын хувийн орон зай, халдашгүй байх эрхийг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр дуу, дүрсний бичлэг хийх, хуулбарлах, бусдад тараахаас зайлсхийхийг анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.