Инфляц

Бодлогын хүү

Монголд 5500 барилга, 6500 орон сууцыг барьсан цэргийн анги 90 нас хүрлээ

Монголын хотуудыг босголцож, төмөр зам, үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууц барьж байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Түүхэн ойг тохиолдуулан тус цэргийн удирдах газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.

Өнөөгийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудын бүтээн байгуулалтад цэргийн барилгачдын хөдөлмөр шингэсэн байдаг. Тэд 1990 оноос өмнө Монголын 16 аймаг, 160 гаруй суманд 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууц барьж, ашиглалтад оруулжээ.

Зөвхөн барилга бариад зогсохгүй тухайн үеийн ханшаар 11 тэрбум төгрөгийн барилгын материал үйлдвэрлэж, 6 сая тонн орчим ачаа тээвэрлэсэн байна.

Харин сүүлийн жилүүдэд цэргийн инженерүүд Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян–Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Мөн “Darkhan United” спорт цогцолбор, “Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор зэрэг 280 гаруй барилга байгууламжийг барьж байгуулсан байна.

Эдгээр ажлын үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон гэж мэдээлжээ.

Барилга-инженерийн цэргийн түүх зөвхөн энх цагийн бүтээн байгуулалтаар хязгаарлагдахгүй. Тэд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн барилга байгууламж, дэд бүтцийг бий болгох үүрэг гүйцэтгэж байв.

Ийнхүү дайны үеийн батлан хамгаалах байгууламжаас эхлээд өнөөгийн төмөр зам, спорт цогцолбор хүртэл бүтээн байгуулсан цэргийн инженер, барилгачдын 90 жилийн хөдөлмөрийг төрийн одонгоор үнэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.