Америкийн зохиолч, сэтгүүлч Кристина Адамс аутизмтай хүүгээ өсгөсөн өөрийн туршлагаас эхлэн ингэний сүүний хэрэглээ, түүнтэй холбоотой судалгааг олон жил сонирхон судалж, энэ сэдвээр ном, өгүүлэл бичсэн нэгэн юм.
Тэрээр ингэний сүүг анх сонирхсон шалтгаанаа Ойрх Дорнодод дутуу төрсөн нярайд хэрэглэдэг тухай сонссон болон аутизмтай хүүхдүүдэд эерэг нөлөө ажиглагдсан тухай мэдээлэл уншсантай холбон тайлбарладаг.
Улмаар Ойрх Дорнодоос ингэний сүү онгоцоор авчруулж, хүүдээ анх удаа 120 мл орчим уулгажээ.
“Маргааш өглөө нь хүү маань өөрөө шатаар бууж ирээд, ширээнд сууж, өглөөний цайгаа уусан. Тэгээд ‘Ээж ээ, би танд үнэхээр хайртай. Та миний төлөө маш их зүйл хийдэг. Надад хоол, эм өгдөг. Та үнэхээр мундаг шүү’ гэж хэлсэн.
Дараа нь гутлаа өөрөө өмсөж, цүнхээ үүрээд ‘Намайг сургуулиас хэн авах юм бэ?’ гэж асуусан. Хүүгийн маань хувьд тухайн үед ийм үйлдэл, яриа ердийн зүйл байгаагүй. Ийм богино хугацаанд өөрчлөлт ажиглагдана гэж төсөөлөөгүй учраас би үнэхээр гайхсан” хэмээн Адамс дурсжээ.
Энэ явдлын дараа тэрээр ингэний сүүний талаар илүү өргөн хүрээнд судалж, Ойрх Дорнод, Ази болон бусад бүс нутгаар аялж, тэмээ маллагчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачидтай уулзан уламжлалт хэрэглээ болон шинжлэх ухааны судалгааг сурвалжилсан байна.
Түүний энэ аялал, судалгааны үр дүнд Camel Crazy: A Quest for Miracles in the Mysterious World of Camels ном хэвлэгдсэн бөгөөд Адамс мөн ингэний сүү ба аутизмын талаарх эрдэм шинжилгээний тойм өгүүлэлд хамтран зохиогчоор ажиллажээ.
Ингэний сүүний найрлага болон эрүүл мэндэд үзүүлэх боломжит нөлөөг судалсан эрдэм шинжилгээний ажлууд байдаг ч аутизмын шинж тэмдгийг эмчилдэг, эсвэл богино хугацаанд сайжруулдаг гэдгийг баттай нотлох хэмжээний шинжлэх ухааны баримт одоогоор хангалтгүй байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)