Байгаа зүйлээ зоргоороо нөхдүүдэд өгч нураалгачхаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь Монголын бас нэгэн ЭМГЭНЭЛ юм даа.
Цагтаа гарын 5 хуруунд багтахаар хэдхэн улсад байдаг гэж бид циркээрээ бахархдаг байв. Гэтэл өнөөдөр дэлхийн циркчид ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад орох оронгүй сууж байдаг.
Товчхондоо бол циркгүй мөртлөө дэлхийн циркчдийг урьчихсан. Тэгээд нэг их аргаа олчихсон аятай “Буянт-Ухаагийн спортын ордонд тоглуулна” гээд маадайж байгаа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой “Ичмээр дамшиг” гэгч болж байна, хөөрхий.
Дэлхийн 10 орчим улсын циркчид манай улсад тоглолтоо хийнэ. Тэдний хувьд ихэнх нь дэлхийн циркчид буюу “Алтанцом”-ын эзэд. Тэд Монголын зориулалтын, ая тухтай циркт тухлан тоглодог байсан бол энэ удаа Спортын шинэ ордонд ийнхүү эр зоригийн үзүүлбэр үзүүлэх нь. Тэгвэл зориулалтын бус зүйл л хор уршиг дагуулдаг. Хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй гэсэн баталгаагүй. тэгээд ч тэднийг дэлхийг хэрэн хэсч хаана ч хоноглож, нөхцөл байдлыг гололгүйгээр тоглолтоо хийж явдаг гэж бодож буй бол том эндүүрэл.
Хөөрхий, нөгөө муу “Орилоо Д.Мөнх-Эрдэнэ” бас ч гэж буруу зөрүү юм хэлээгүй гэдгийг одоо бултаараа ойлгох биз. Хоолойгоо цахирттал орилсон түүний бичлэгээс харахад “Ийшээ орж болохгүй нь байна шүү” гэх бодол төрж, нуруу хүйт даасныг нуух юун.
Мөнгөтэй дүр эсгэсэн нөхдүүд циркийг “менежментийн хувьчлал”-аар авсан ч зориулалтаар нь ашиглах тухай гэрээнд нь тусгасан байх ёстой. Тэгвэл гэрээгээ зөрчсөн нөхдөөс эд хөрөнгөө яагаад буцаагаад авчхаж чадахгүй юм бол гэх асуулт урган гарах нь ч тодорхой.
“Эцэггүй өссөн хүүхдийн толгой том” гэдэгчлэн зүйл болж байхад энэ төр хараад суугаад байгааг ЭМГЭНЭЛ гэхээс өөр юу гэх билээ. Ёстой Боёогийн хэлдгээр “Одоо тэгээд яана вэ яана”, Соёлын сайд, их аварга хоёроо.
Зочин [103.153.141.86]
Энэ муу хошного царайтаас цирк авах цаг болсон